Газар хөдлөлтийн улмаас 20 мянган иргэнээ алджээ
2015-04-28

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтөөр 4000 хүн амиа алдаж, 6000 хүн гэмтэж, 200 гаруй хүн сураггүй хэвээр байна. Амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан сануулжээ. Тус улсад жилдээ 5-10 удаа газар хөдөлдөг байна.

 

Сүүлийн 80 жилийн хугацаанд тус улсад асар их хөнөөл учруулсан зургаан газар хөдлөлт болжээ. 1934 онд Катманду хотноо 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 10 мянган хүн амиа алдаж, 154 хүн сураггүй алга болжээ. 1980 онд 6.5 баллын газар хөдлөлт болж 174 хүн амиа алдаж, 40 мянган хүн орон гэрээ алдсан бол 1988 онд болсон газар хөдлөлтөөр 722 хүн амиа алдаж, 12 мянган гэмтэж, 460 мянган хүн орон гэргүй болжээ. 2011 онд Похаро хотноо 6.9 баллын газар хөдлөлт болсон бөгөөд зургаан хүн амиа алдаж, 30 хүн сураггүй алга болж, 13 мянган хүн гэмтжээ. Сураггүй алга болсон иргэдийг 2012 оны есдүгээр сард амиа алдсан хэмээн зарласан байна.

 

Дэлхийн түүхэнд хамгийн аймшигтай газар хөдлөлт Индонез, Энэтхэг улсад болсон юм. 2004 онд Индонезийн Саматра аралд 9.1 баллын газар хөдлөлт болж 228 мянган хүн амиа алдаж, нэг сая иргэн бэртжээ. 2005 онд Энэтхэгийн Кашмер мужид 7.6 баллын газар хөдлөлт болж 88 мянган хүн амиа алдаж, 138 мянган хүн бэртсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин