Замын-Үүдийн эмэгтэйчүүд чуулав
2015-04-28

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар чуулган боллоо.

 

Тус чуулганыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ,  Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Замын-Үүд салбар, тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан байна.  Чуулганыг нээж Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Замын-Үүд салбарын зохицуулагч А.Уртнасан үг хэлжээ. Тэрбээр“Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал”, “Хүний эрх, эрх зүйт ёс”, “Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хүчирхийллийг бууруулахад бидний оролцоо”, “Гэр бүл хүүхдийн хүмүүжил” зэрэг илтгэлийг сонсгож хэлэлцүүлсэн байна. Энэ үеэр эмэгтэйчүүд эдийн засгийн өсөлтөд өрх гэр, бизнес, төр, олон нийтийн байгууллагын оролцоог жигд оролцуулах шаардлагатай гэдгийг онцлоод, хөгжлийг хэн нэгнээс хүлээх биш өөрсдөөсөө эхлэх, хөл нийлүүлж алхах нь зүйтэй юм гэдэг дээр байр сууриа нэгтгэжээ. Энэхүү чуулганаар орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлж, тэдний хүсэл эрмэлзлэл, санаа бодлыг нэгтгэсний зэрэгцээ хөдөөд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өрх бүрийн оролцоог хангахад чиглэсэн уриалга гаргасан байна.

 Чуулганыг зохион байгуулагчид цаашид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, манлайллын ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хэмжээнд шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх нь зөв зүйтэй гэж үзжээ. Тус чуулганд Замын-Үүд суманд ажиллаж амьдарч буй 300 эмэгтэй, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин