Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
2015-04-29

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүхийн захиргааны тухай хуульд, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар; мөн хуульд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар; дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар; түүнчлэн шүүгч нь шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авахаар;  уг нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарахаар тогтоосноороо шүүгчийн хараат бус байх зарчимд халдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үүрэгт үл хамаарах зохицуулалтыг бий болгон улмаар шүүгчийг чөлөөлөх, огцруулах тухай Үндсэн хууль зөрчсөн, мөн шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх үндсэн зорилтоос хазайсан зохицуулалт болсон байна.

 

Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин