Элчин сайдын яам байгуулах саналаа илэрхийлэв
2015-04-30

  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомицкийг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Элчин сайд Т.Хомицкийн ажилласан таван жилийн хугацаанд хоёр орны харилцааны хөгжилд олон дэвшил гарсныг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэж байлаа. Польш Улс нь Европын холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын гурав дахь хөрш юм. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон нь Европын холбоотой ойр нягт хамтран ажиллахад нэгэн түлхэц болсныг мөн хэлж байлаа.

 

Энэ 2015 онд Монгол-Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Мөн хоёр оронд 25 жилийн өмнө ардчилсан хөдөлгөөн өрнөж, ардчиллын замаар тууштай хөгжиж ирснийг талууд тэмдэглэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны долоодугаар сард Монголд анхны ардчилсан сонгууль болж, төр, засгаа ардчиллын зарчмаар сонгосны 25 жилийн ойг тэмдэглэх гэж буйг дурдаад Польшийн ардчилал тухайн үед монголчуудад үлгэр дуурайлал болж байсныг дурсч байлаа. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд Польшид хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн айлчлал болсон” гээд 2016 онд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг дурдав.

 

Элчин сайд Т.Хомицки хоёр орны хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг дурдаад, ялангуяа боловсролын салбарын харилцааны талаар хөндөн ярилаа. Мөн Польш Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн байгуулах саналтай байгааг тэмдэглэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Т.Хомицкийд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд гаргаж ирсэн хүчин чармайлтад нь талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гарнаас чинь айгаад байгаам биш үү
2015-04-30