Чөдөрлүүлж буй эрх чөлөөг минь тэд мэддэг болов уу?

Тавдугаар сарын 3. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдэд илгээлт ирүүлжээ. Тэрээр “...Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгээ зэрэгцэн тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн уриа юм” гэв. Цааш бичихдээ “...сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж улмаар энэ нь сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүлчийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө зүй бусаар ял шийтгэл ногдуулахаас хамгаалахаар ЮНЕСКО-гийн санаачилга дор хэрэгжих НҮБ-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго” гэлээ. Тийм л дээ, Монгол Улс дэлхийд танигдсан ардчилсан улс. Тэр хэрээр хэвлэлийн хагас ч гэсэн эрх чөлөөтэй орон гэж тэмдэглэгддэг. Үнэн хэрэгтээ тэрхүү хагас эрх чөлөө өнөөдөр хумигдаад эхэлсэн. Цаашид ч боомилуулах хувь заяа хүлээж буйг манай салбарынхан анзаарчээ. Их, багаар дуугараад эхэлсэн.
Учир нь “Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” нэртэй УИХ-ын тогтоолын төсөлд хэд хэдэн ноцтой заалт орсон. Энэ тогтоол батлагдвал ихээхэн асуудал дагуулахаар байгаа юм. Ер нь сүүлийн үед байсхийгээд л ямар нэгэн хуулийн төслөөр дарамтлуулах болсон нь нууц биш. Мөн улстөрчийн эрх ашгийг хөндсөн “хэрэг”-ээр сэтгүүлч шүүхийн өмнө зогсдог нь хэвийн үзэгдэл болсон. Ингэж Монголын сэтгүүлзүй чөдөр тушаатай үүргээ гүйцэтгэж буйг илгээлт явуулсан ЮНЕСКО-гийн захирал хийгээд Монголыг ардчилсан улс гэж өргөмжилдөг гадаад ертөнц мэддэггүй л болов уу?
Эх сурвалж :"Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ