Хот болох хүсэлтэй Ханбогд
2015-05-01

Ханбогд сумын "Галба" цэнгэлдэх хүрээлэн

 

Монголын уул уурхайн их өрнөлийн түүчээ нь Ханбогдоос олдсон Оюу толгойн орд газар. Улаанбаатараас 700 орчим км алслагдсан Ханбогд сум руу хот хоорондын автобус явдаг. Тухлаг автобус Дундговь аймгийн төвөөр дайран Өмнөговийн Манлай сумын зорчигчийг буулгаад, Ханбогдод хүрнэ. Хот хоорондын тээврийн эцсийн зогсоол аймгийн төв байдаг бол ханбогдынхон унаа сэлгэхгүй гэртээ буудаг. “Үзээгүй нүүр, үнсээгүй хацар” хэмээн зочдоо ичээдэг байснаа Ханбогдынхон хуучилж байна. Одоо уугуул, суугуулаа ч ялгахаа больжээ. Гэвч Оюу толгой гэрээт компани, ханган нийлүүлэгчийнхээ ажилчдыг Ханбогдод байрлуулаасай гэдэг хүсэлтэй. Сумынхаа аль ч хэсгийг өгч, төвхнүүлэхэд бэлэн гэнэ.

   

 

Эрс өөрчлөлт

 

Ханбогд сумын 90 жилийн ойд зориулан Оюутолгойн хөрөнгө оруулалтаар баригдсан талбай

 

Цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, лимбэ үлээсэн үзэсгэлэнт бүсгүй сахиустай Ханбогд уулын өвөрт бууриа зассан сум 90 жилийн нүүр үзэж байна. “Сумын төв хашаагүй шахам 100 орчим өрхтэй. Сургууль нь 300 гаруй сурагчтай, цэцэрлэг нь 50 хүүхэдтэй, 14 төсвийн байгууллагатай, хувийн аж ахуйн нэгжгүй” байсан гэж сумын төр захиргааны бүх шатанд нь ажилласан Д.Буянтогтох хуучиллаа. Харин өнөөдөр Ханбогд сум хот болох тэмүүлэлтэй байна. Оны эхний улирлын байдлаар сумын хүн ам 5 160 хүрч, сумын төвийн айл өрх 1 675 болжээ. Автомашин нь мянгаар тоологдож, үүний 600 орчим нь Ланд Крузер гэнэ. Харин аж ахуйн нэгжийн тоо 201 болж, нэг сумд ихдэх тоонд хүрснийг статистикаас нь харж болно. Мужааны, талхны, оёдлын цех; супермаркет, халуун ус, үсчин гоо сайхан гээд хөвөрнө. Зочид буудал ч хэд хэдэн сонголттой. Таван банкны салбар үйл ажиллагаа явуулдаг. Товчхондоо Ханбогд арваад жилийн хугацаанд эрс өөрчлөгдөж, Монголын том сумын тоонд зүй ёсоор оржээ.

 

                

Нэмээд хүрээгүй цэцэрлэг

 

Ханбогд сум хоёр цэцэрлэгтэй. Дахиад нэг цэцэрлэг дүүргэх хэмжээний хүүхэд гэртээ хүмүүжиж буй

 

Хүн амын төвлөрлийг дагаж бизнес хөгжихөөс гадна бэрхшээл ч үүсдэг. Ханбогдод ч ийм асуудал гарсан гэнэ. Хэдхэн жилийн өмнө 300 сурагчтай байсан сургуульд одоо 868 хүүхэд сурдаг. Жил бүр дунджаар 10 гаруй хүүхэд шилжиж ирдэг болжээ. Зөвхөн энэ хичээлийн жилд 28 хүүхэд нэмэгдсэн гэж Сургалтын менежер Г.Өлзийбуян дурдав. Шаардлагын үүднээс хоёр жилийн өмнө сургуулиа өргөтгөжээ. 2014-2015 оны хичээлийн жил 180 зургаан настан сургуулийн босго алхсан гэнэ. Харин 1967 онд байгуулагдсан 21 дүгээр цэцэрлэг анх хоёр бүлэгтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө зургаан бүлэгтэй. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдэнэчимэг малчдын хүүхдийг хамруулдаг хувилбар сургалттай, тэнд нь 20 хүүхэд хамрагддаг гэв. Мөн 2013 онд ашиглалтад орсон 22 дугаар цэцэрлэг 175 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 2-5 насны 240 хүүхэдтэй. Багтаамж нь 65 хүүхдээр хэтэрч, дахиад хоёр ч бүлэг шаардлагатай болжээ. Гэвч төсвөөс шалтгаалан 2-3 багшийн орон тоо хасах хэрэг гараад байгааг эрхлэгч Ш.Эрдэнэжаргал нь учирлаж байв. Ханбогд суманд албан ёсны бүртгэлтэй, цэцэрлэгийн насны 540 орчим хүүхэд бий. Хөдөлгөөнт хүн амын хүүхдийн тоог нэмбэл дахиад нэг цэцэрлэгийн шаардлага тулгарч байгааг цэцэрлэгийн удирдлагууд хоёулаа хэлж байсан.

 

    

Хүрэлцээгүй нийгмийн үйлчилгээ

 

 

Ханбогд сум дундын эмнэлэгтэй. Гэхдээ ойр тойрныхоо сумын иргэдэд үйлчилдэг гэсэн үг биш. Энэ эмнэлэг ирж, очдогтойгоо нийлээд 12 000 орчим хүнд үйлчилдэг учраас ингэж томорчээ. Ерөнхий эмч Ж.Наранцэцэг амбулаториор жилд арваад мянган хүн үйлчлүүлдэг байсан бол 15-20 мянгад хүрсэн гээд 500 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг гэлээ. Эмнэлгийн татаас, эмийн төсөв нь жил бүр нэмэгддэг ч хүрэлцдэггүй аж. Өдөрт 50-100 хүнд үйлчилж, жилд 40-50 эх амаржиж ачааллаа даахаа больсон учир 50 ортой шинэ эмнэлэг төсвийн мөнгөөр барьсан нь ирэх сарын 28-нд үүдээ нээнэ. Эмнэлгийн ачаалал нэмдэг хүчин зүйл нь хөдөлгөөнт хүн ам. Авто тээврийн осол аваар эм хангамжид нь чамгүй ачаа болдог аж. Авто тээврийн урсгал гэмт хэрэг гарах гол нөхцөл ч болдог гэнэ. 2014 онд иргэдээс 167 гомдол, мэдээлэл ирсний 40 хувь нь зам тээврийн хэрэг байжээ. Үлдсэн нь хилээр хууль бус зүйл нэвтрүүлэх, хүн амины хэрэг, архидан согтуурах, танхайрах хэргүүд. Хүн ам өсөн нэмэгдэж байгаа сумын цагдаагийн тасаг цомхон бүрэлдэхүүнтэй. Үндсэн 9, олон нийтийн 4, бүгд 13 албан хаагчтай. Ачаалалтай үед хаанаа ч хүрэлцдэггүй учраас тасгаа хэлтэс болгон өргөжүүлэх хүсэлтээ тавьсан ч шийдвэрлэгдэлгүй уджээ.

 

         

Хүрэлцээтэй өөр бусад үйлчилгээ

 

Ирэх зургаадугаар сард ашиглалтанд орох "Галба" хороолол

 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хөрөнгөөр 2007 онд нээгдсэн “Аминэрдэнэ” эмнэлэг бол Өмнөговь аймгийн хэмжээнд хэвтүүлж эмчилдэг анхны хувийн эмнэлэг. Арван ортой тус эмнэлэг хоногийн 30 500 төгрөгийн төлбөртэй. Энэ эмнэлэг жилд 1 200 орчим хүнд үйлчилж, 30 сая төгрөгийн ашиг олдог бөгөөд саяхан 3D, 4D эхо аппараттай болсон гэж Ерөнхий эмч Э.Ганцэцэг ярилаа. Зургадугаар сард эхнийх нь ашиглалтад орох “Галба” хорооллыг Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай “Вай Кэй Ти” ХХК барьж байна. Хоёроос гурван өрөө орон сууцанд 40 айл төвхнөнө. Одоогоор 20 гаруй байрны захиалга нь баталгаажаад байгаа аж. Төрийн албан хаагчдад хөнгөлөлт үзүүлэхээс гадна 8 хувийн зээлд хамрагдах боломжтой. Дахин дөрвөн блок нэмэгдэх бөгөөд тус сумын иргэдээс гадна Оюутолгойн ажилчид орж болно гэдгийг барилгын инженер Д.Нэргүй тодотгов. Нэг айлын сууц 78-113 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ сумын бусдаас илүү харагдах өөр нэг зүйл нь цирк. “Галба” цирк сумын Соёлын төвийн эрхлэгч И.Нарангэрэлийн санаачилгаар 2012 онд байгуулагдсан. Биднийг очиход Г.Янжмаа багш хүүхдүүдтэй дасгал сургуулилалт хийж байлаа. Эх үрсийн баяр, шинэ жилээр тайлан тоглолтоо хийдэг 15 хүүхэдтэй цирк ирэх есдүгээр сард аймгийнхаа хэмжээнд том тоглолт тавихаар бэлтгэлээ базааж байна. Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр баригдах 320 хүний суудалтай “Үлэмжийн чанар” соёлын өргөөнд 14 000 ном бүхий уншлагын танхим, нүүдлийн тайз, 600 орчим үзмэртэй музей багтах бөгөөд 2017 онд сүндэрлэн босох нь.

 

 

Бизнес цэцэглэсэн буйд сум

 

Ханбогд сумын "Галба" хиамын цех

 

Дарханд бизнес эрхэлж байсан Д.Ганзориг 2012 онд Ханбогдод шилжиж иржээ. Өдгөө хоёр хүүхэд нь оюутан болж, өөрөө Голомт банкинд алба хашиж, гэргий нь “Галба” цайны газрыг түрээслэн ажиллуулж байна. Цайны газар нь сардаа 3, 4 сая төгрөгийн орлоготой. Түрээсэндээ 500 мянган төгрөг төлчихөд үлдсэн нь ашиг. Анх тавилгаа ачаад ирж байсан энэ айл одоо өөрийн хашаатай, саяхан 0.07 га хэмжээтэй хоёр ч газар худалдан авсан гэнэ. Тэрбээр Оюу толгойн сургаар Ханбогдыг зорьж ирсэн олон хүний нэг нь. Оюу толгойн ханган нийлүүлэгч “Өлзийт Мөнх Овоо” ХХК-ийн “Их өлзийт” оёдлын цех 2010 оноос бүтээгдэхүүн нийлүүлж буй. Бас Оюу толгойтой гэрээтэй компаниудтай хамтран ажиллаад эхлэжээ. Тус компанийн захирал Ш.Туяа “2011, 2012, 2013 он манай оргил үе байсан. 2013 онд 153 сая төгрөгийн татвар хураалгаж аймгийнхаа тэргүүний татвар төлөгч болсон” гэв. Одоо Ханбогд 201 аж ахуйн нэгжтэй болжээ. Тэдний нэг “Галба” хиамны цех. Дөрвөн төрлийн хиам, хоёр төрлийн зайдас үйлдвэрлэж зэргэлдээ Цогтцэций суманд ч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болж. Ойрын хугацаанд цехээ өргөжүүлж, илүү туршлагажиж, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах зорилготой. Ингэвэл Оюу толгойд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдэнэ гэж Гүйцэтгэх захирал Б.Сайхандэлгэр хэлж байна.

 

 

Горьдлого тээсэн асуудал

 

Ханбогд  сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт

 

Өнгөрсөн онд тус суманд 37 ажилгүй иргэн бүртгэгджээ. Сумын Засаг дарга асан Д.Буянтогтох “Оюу толгойн анхны хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз компани Ханбогдын иргэдийг ажиллуулж, мэргэжил боловсрол харгалзахгүй хүн бүрт 200 мянган төгрөгийн цалин өгч эхлэсэн. Тэр үед сумандаа өндөрт тооцогддог Засаг даргын цалин 80 мянган төгрөг байлаа. Тэр хугацаанд ханбогдчуудын гэргүй нь гэртэй, гэртэй нь хашаатай, хашаатай нь байшинтай, байшинтай нь машинтай болсон” гэж байна. Оюу толгой зогсвол яах бол? Энэ асуултад Д. Буянтогтох “Үүнийг орлох өөр ажил, тухайлбал аялал жуулчлалыг Арабын Эмират шиг хөгжүүлж чадахгүй бол хуучин байдалдаа орно. Энэ олон зочид буудал, дэлгүүр юу болдог юм бол. Гэхдээ бид амьдарна. Малаа маллана...” гэснээ “Гэхдээ үнэндээ бэрхшээлтэй тулгарна. Энэ бүх хүн буцна” гэлээ. Далд уурхайн хөрөнгө оруулалт саатаж, Оюу толгой зуу зуун ажилтнаа халсан шуурганд ханбогдынхон ч өртжээ. Далд уурхай хөдөлж эхэлбэл Ханбогд эргээд хөдөлгөөнд орж, хүний төвлөрөл улам нэмэгдэнэ. Ингэснээр ханбогдынхны хот болох мөрөөдөл биелэх боломж бүрдэнэ хэмээн сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт яриан завсараа цухуйлгасан юм.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр, С.Баярцогт нар мэт нь харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-05-02
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-05-02
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-05-02
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-05-02
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-05-02
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар огт биш, харин газар доор байгаа байгалийн баялаг буюу ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд өөрийхөө газрын баялаг буюу ашигт малтмалын үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Харин татварын асуудал бол “Роялти”-гээс шал өөр татварынхаа хуулиудаар зохицуулагддаг.
2015-05-02
Зочин:
Дэлхийн аль ч орны Ашигт малтмалын тухай хуулиудад төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 ард түмний өмчлөл, 100 төрийн эзэмшилд байх ёстой. Харин ашигт малтмалын ордыг ашиглагч байгуулага төрд өндөр Роялти болон орлогын албан татвар төлөх нь дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн хууль олон улсын эрх зүй юм.
2015-05-02
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-05-02
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-05-02
tumendemberel:
bi une medeeg saihan unhslaa
2015-05-02
Зочин:
Sain medee bana
2015-05-02
Auggdoug:
saihan gegeeleg medee unshlaa syyliin yed iimerhyy zyil olj unshih odriin od shyyreh met bolj dee,
2015-05-02
Photographer:
Turuu zun Khanbogdod ywj bhda neg huurhun ohintoi taniltsaj bailaa. daanch bi margaash ogloo n hot ywd tgl hagatssan da. Neg saihan nartai odor dahin taarah blguide.
2015-05-01
САНАЛ:
АЙМАГ ХОТЫН ДАЙТАЙ ХҮН АМТАЙ СУМЫГ ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ ХОТ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА,ТУХАЙЛБАЛХАНБОГД 5000 ГАРУЙ.ЗҮҮНХАРАА 30000 .ӨВӨРХАНГАЙН УЯНГА СУМ 10000 ГАРУЙ ХАРХОРИН СУМ 17000 ГМ,ТЭГЭХЭД ЗАРИТ СУТ 700-2500 ХҮН АМТАЙ БАЙХ ЮУМ,
2015-05-01
САНАЛ:
АЙМАГ ХОТЫН ДАЙТАЙ ХҮН АМТАЙ СУМЫГ ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ ХОТ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА,ТУХАЙЛБАЛХАНБОГД 5000 ГАРУЙ.ЗҮҮНХАРАА 30000 .ӨВӨРХАНГАЙН УЯНГА СУМ 10000 ГАРУЙ ХАРХОРИН СУМ 17000 ГМ,ТЭГЭХЭД ЗАРИТ СУТ 700-2500 ХҮН АМТАЙ БАЙХ ЮУМ,
2015-05-01
зүрх судас:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 5-р сарын 2-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-05-01