Улаанбаатар
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг байгууллаа
2015-5-1

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.



УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг үүсгэн байгуулаа.



Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.



Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний богино, дунд ба урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх юм.



Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлсэнээр хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, бизнест ээлтэй орчинг бүрдүүлж, өндөр технологи бүхий бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй, Монголын баялаг түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлж, найрсаг, хариуцлагатай хотын үйлчилгээтэй, иргэд нь аюулгүй, тохилог орон сууцтай, тогтвортой орлоготой болох орчин бүрдэх юм.



“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг сонгох, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, иргэн, хувийн хэвшлийн санаачилсан төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг хийх, дэд бүтэц, газрын харилцааг зохион байгуулах, хамтран ажиллах төслийн нэгж байгууллага, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. 



 “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь өөрийн үндсэн орлогоос гадна Улсын болон нийслэлийн төсвөөс төслийн хөрөнгө оруулалтад зориулан компанид хувиарласан хөрөнгө, компанийн үнэт цаасыг гадаад, дотоод зах зээлд нээлттэй болон хаалттай хүрээнд гаргаж худалдсаны орлого, хөрөнгө оруулалтын зээл, гадаад дотоодын иргэд байгууллагаас компанийн үндсэн зорилгыг хэрэгжүүлэхэд зориулан өгсөн хандив, тусламж, хууль тогтоомийн хүрээнд болон НИТХ-аас зөвшөөрөгдсөн бусад орлого зэргээр хөгжлийн сан бүрдүүлэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин