Татвар төлөгчийг өршөөхгүй
2015-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын орчин, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийсэн юм.  Дараагаар нь гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-УИХ-д өргөн барьсан Татварын тухай хуулиуд хэлэлцэгдэхгүй гацаж байна. Одоо шинээр бизнес эрхлэх  орчин байхгүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн  нэгжүүдэд зориулсан татварын орчны хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ асуудлаар ямар ажил хийгдсэн бэ? Оюутолгойн татварын асуудлаар маргаан явагдаж байна. Эрдэнэтээс бага татвар орж ирж байна гэсэн яриа байгаа. Зөв мэдээлэл өгөх чиглэлд Засгийн газар ямар ажил хийж байна вэ?

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Татварын асуудлаар хаана хаанаа ойлголцлоо нэгтгэх хэрэгтэй. Татварын асуудлаар нэлээд олон хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Заримыг нь Засгийн газарт боловсруулагдаж байна. Оюутолгойн асуудлаар хэлэлцээр эцэслэгдэн дуусаагүй байгаа энэ үед үнэн, худал мэдээлэл тараахгүй байх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. 30 сая ам.долларын татварын төлөлт хийгдэнэ. Энэ сэдвээр үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Тавдугаар сарын цалин, тэтгэврийг өгч чадахгүй байгаа гэдгээ хэлчихвэл ямар вэ? Том төслүүд хэрэгжээгүй. Татварын мөнгө орж ирээгүй. Монголбанкнаас мөнгө хэвлүүлэхгүйгээр цалин, тэтгэвэр тавьж чадахгүй болчихсоноо хэлчихвэл ямар вэ? УИХ-д Эдийн засгийн ил тод байдлын, Өршөөлийн тухай хууль өргөн баригдаад гацжээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ч үүнийг хүлээгээд байж байна. Ингэж хүлээлт үүссэн үед татварын орлого бүрдэхгүй байгаа юм.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Бид хуулийн хугацаандаа 2016 оны Төсвийн төсөөлөл, үндсэн чиглэлээ өргөн барьж байгаа. Өнөөдөр татварынхаа хүрээнд ярих хэрэгтэй. Таны хэлсний дагуу “Бид татварыг нэмэхгүй, буулгахгүй”.  Бид 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн 90 хувийг эргэж олгоно. Бид олон ажил эхлүүлсэн, дуусгана.

Татвар төлөгчид төлөх ёстой татвараа төл. Ямар нэг хуулийн хүлээлт, төлөөгүй байгааг нь өршөөх ойлголт байхгүй. Ил тод байдлын хууль батлагдсанаар татвар төлөлтийн баазыг нэмэх ач холбогдолтой. Зардлуудын хувьд төвлөрсөн. Олон улсын байгууллагуудаас мөнгө аваагүй ч төсвийн, мөнгөний хатуу бодлого явуулж байна. Орон нутагт байгаад байгаа албан татвараа багасгах бус 0 байгаа татвараа нэмэх юм.  Хөрөнгө оруулалт гацсан тохиолдолд зөвхөн зээлээр явах нь ямар хүндрэл үүсэх вэ? Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд том төслөө явуулах хэрэгтэй.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Төсвийн орлого 1.2 их наяд бүрдсэн. Татварын орлого 88 хувьтай.  Цаг үетэй холбоотой энэ үед төсвийн орлогын бүрдэлт бага байдаг. Татварын хуулиудын эрхзүйн орчныг сайжруулах  хүрээнд  хуулийн төсөл өргөн барьсан. Хяналт шалгалтын чиглэлээр дарамт шахалт үзүүлэхийг болиулна. Монгол Улсад 100 гаруй мянган татвар төлөгч байдгаас 51 орчим мянган аж ахуй нэгж тогтмол тайлангаа гаргаж өгдөг.

Ер нь татвар төлөгчийн чадавхи буурчээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн чадавх суларч эхэлсэн байна. “Татвар төлөлт маш муу байгаа.  Энэ нь нэг талаас хуулийн хүлээлт үүсч, татварт байгаа өрийн хэмжээ нэмэгдсэн. Тодорхой хэмжээний хяналт шалгалт, харьцаж байгаа байдлаас шалтгаалаад олон татвар төлөгч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Валютын ханшид татвар төлөгчид хүндрэл учруулж байна” гэдгийг албаны хүн хэлж байлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
jijig aj ahuinuudaa tatvar 1 bolgono geed bsan ene ih onovchtoi sanaa ym shigeeee aja ahuinuud bosoh chadvartai bas iltod boloh bh daa.
2015-05-01