Төв банкны хараат бус байдлыг хангахыг эрх баригчдаас шаардлаа
2012-01-04

Европын хорооноос Унгарын эрх баригчдад хандан Унгарын төв банкны хараат бус байдлыг хангахыг шаардсан тухай мэдээллийг Монголбанк цахим хуудастаа нийтлэсэн байна. Европын хорооны дарга Жозе Мануэл Баррозу болонУнгарын ерөнхий сайд Виктор Орбан нар энэ талаар санал солилцсоныг Европын хорооны албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна. Түүний хэлснээр Унгарын парламентын баталсан хуулиудын англи, франц орчуулгыг Европын хороо хоёр он солигдох зааг дээр хүлээн авсан аж. Эдгээр хуулийн нэг нь Төв банкны эрх үүргийг хязгаарласан, тухайлбал төв банкны зөвлөлд улс төрчдийн тоог эрс нэмэгдүүлсэн байна. Унгарын эрх баригчдын баталсан хуулиуд Европын орнуудад мөрдөгдөж буй хэм хэмжээнд хэр нийцтэй байгааг Брюссель анхааралтай судалж байгааг тэрбээр онцлолжээ. Унгарын эдгээр алхам нь хууль ёсных гэдэгт эргэлзэж буйгаа Европын парламент ч илэрхийллээ. Германаас сонгогдсон гишүүн Эльмар Брок Унгарын төв банкны тухай шинэ хуулийг “багаар бодоход маргаантай” хэмээн тодорхойлов. Тэрбээр Financial Times Deutschland сонинд өгсөн ярилцлагадаа “Европын холбооны бүх гишүүн орон Төв банкныхаа хараат бус байдлыг хангана хэмээн үүрэг авдаг” гэлээ. Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Унгар улсад шинэ Үндсэн болон бусад хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Орбаны засгийн газраас өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн хязгаарлалтуудыг Үндсэн хууль үндсэндээ баталгаажууллаа хэмээн сөрөг хүчнийх нь шүүмжилж байна. Учир нь 2011 оны 4 дүгээр сараас хойш Унгарын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хумих, шүүх прокурорын системд улс төрийн хяналт тогтоох, Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг хязгаарлах, Төв банкны хараат бус байдлыг үгүй хийх арга хэмжээг авсаар ирсэн билээ.
Shuud.mn
Сонин хачин