МУБИС-ийнхан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэв
2015-05-02

Хаврын тэнгэр аашаа үзүүлэн, тавдугаар сарын цас хаялж, жихүүн салхи сэвэлзсэн өдөр олны сайн мэдэх багшийн дээд буюу одоогийн Монгол Улсын Боловсролын их сургуулийг зорилоо. 

 

Тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Уран зохиол, сэтгүүлзүйн тэнхимийн багш, оюутнууд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэж байгаа юм. Сургуулийн үүдээр оронгуут л сонордсон хөгжим, залуусын цовоо дуунд хөтлөгдсөөр үйл ажиллагаа болж буй тэнхимд төвөггүй ирэв.

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчийн ангийн оюутнууд дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлдэг энэ үйл ажиллагаа зургаа дахь жилдээ болж буй аж.  Энэ удаа Сэтгүүлзүйн үйл ажиллагаагаар дамжуулан жендерийн тэгш эрхийг хамгаалах, бэхжүүлэх тухай сэдвийг хөндөн, өнөөгийн байдлыг харуулж, цаашид хэрхэх тухай шинэ санаа дэвшүүлснээ жүжигчилсэн тоглолтоор илэрхийллээ.

 

Угаас 2015 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага- ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал хатагтай Ирина Бокова “Тогтвортой хөгжиж, энхтайван оршихийн тулд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдлэг, мэдээллийг бүтээн туурвих, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх ёстой” гэж илтгээлдээ дурдсан билээ.

 

Энэ сэдвийг хөндөж байгаагийн учир МУБИС-ийн НХУС-ийн Улс төр судлалын багш Т.Туяачимэгийг урьж “Хэвлэл мэдээлэл дэх жендерийн тэгш эрх” илтгэлийг сонсох цагийг үйл ажиллагааны хөтөлбөрт багтаажээ. “Хэвлэл мэдээллийн салбарт олон тооны эмэгтэйчүүд ажиллаж байгаа ч экспертийн түвшний үүрэг гүйцэтгэх нь цөөн. Хэвлэл мэдээллээр ядуу болон ахимаг насны эмэгтэйчүүдийн тухай тусгаж чадахгүй байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөгчид, гоо үзэсгэлэнтэй, хэн нэгэнд үйлчлэгч, хохирогч эсвэл шийдвэр гүйцэтгэгчийн дүрээр хүргэж байна гэдгийг судалж гаргасан сонирхолтой илтгэл байсан юм.

 

Оюутнууд ч энэ байдлыг харуулсан, жүжигчилсэн тоглолтуудыг үзүүлж байв. Энэ үеэр хэдхэн хоногийн дараа, хэдэн жилийн дараа сэтгүүлзүйн салбарт орж ирэх сэтгүүлчидтэй уулзлаа.

 

Сэтгүүлчийн 2 дугаар ангийн оюутан Б.Даваабазар “Энэхүү үйл ажиллагааг жил бүрийн хоёрдугаар ангийн оюутнууд, тэнхимийн багш нарынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг. Энэ жил жендерийн эрхийг сэтгүүлзүйгээр дамжуулан бэхжүүлэх сэдвээр 1-4 ангийн оюутнууд жүжигчилсэн тоглолт бэлтгэж, түүгээрээ үзэл, бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж байна. Өөр чиглэлийн багшийг урьж үйл ажиллагаандаа оролцуулсан нь онцлог байлаа” гэлээ.

 

Харин сэтгүүлчийн 4 дүгээр ангийн оюутан М.Чинзориг “Бидний хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан зохион байгуулдаг энэ өдөрлөг. Энэ удаа бид жендерийн тэгш эрхийн асуудал, түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хэрхэн зөв хүргэхийг онцолсон. Манай ангийнхан 4 дэх жилдээ оролцож байна. Энэ үйл ажиллагаа нь оюутнуудад мэргэжлийн онцлог, ёс зүй зэргийг практикт ойлгуулдаг үр, өгөөжтэй болдог юм” гэж ярьсан.

 

Тэгвэл сэтгүүлчийн гуравдугаар ангийн оюутан Б.Болорцэцэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жендерийн тэгш эрхийг талаар олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх нь зүйтэйг онцолж байсан юм. Оюутнуудын хувцаслалт, өнгө ижилссэн алчуур, даашинзаас эхлээд жүжигчилсэн тоглолтоор дамжуулан өгүүлэх үг, үзүүлж буй санаа бүрээс хичээл, зүтгэл харагдаж, мэдрэгдэж байлаа.  

 

Өнөөдрийн сэтгүүлзүйг өөрийн нүдээр харж, үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлсэн ирээдүйн сэтгүүлчид АХА тэмцээнд оролцож ухааны цэц сорьсноор МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн оюутнуудын хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үйл ажиллагаа өндөрлөв.

 

Тэртээ 1991 онд хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

 

Маргааш хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин