“Шөнийн чононууд” Германд хүрэв
2015-05-04

Дэлхийн II дайны үед ЗХУ-ын “Улаан арми”-ийн цэргүүд Моксвагаас Берлин хүртэл туулсан ялалтын жимээр Оросын эх оронч байкерууд өнгөрсөн сарын 24-нд аялалдаа гарсан юм. Тэд ялалтын жимийн дагуу Берлин хүрч улмаар энэ сарын 9-нд Москва хотноо зохион байгуулагдах Агуу их ялалтын 70 жилийн ойн баярт оролцох төлөвлөгөөтэй байгаа билээ.

“Шөнийн чононууд” нэртэй байкерууд Австри улсаар дамжин Германы Баварийн өмнөд хэсгийн Бад Райхенхалль хотноо хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Тэд өнөөдөр Мюнхе хотын ойролцоох “Дахау” гэх бөөнөөр хорих лагерт очиж, амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Байкерууд Беларусь, Польш, Чех, Словак, Австри улсыг дайрч, нийт 6000 км замыг туулан Германы нийслэл Берлин хотноо хүрэх төлөвлөгөөтэй байгаа билээ.  Путиний дэмжигчид хэмээгддэг “Шөнийн чононууд” 2010 оноос эхлэн ялалтын маршрутаар аялах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин