Шилдэг тохижилттой байгууллагыг шалгаруулна
2015-5-4

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
 
-    Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2014 оны 126 тоот тогтоолыг үндэслэн нийслэлийн төвийн 6-н дүүрэг тус бүрт газар чөлөөлөх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны Б/43 тоот тушаал гарсантай холбогдуулан дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын суурин болон хээрийн судалгааг хийсэн. Нийт 19,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст 562 нэгж талбар байна.
 
-    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/235 дугаар захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын товчоодыг байгуулан, цэрэг татлагын үед ажиллах бүрэлдэхүүнийг сонгон авч томилон, ажил үүргийн хуваарийн дагуу сургалт семинарт хамруулсан. Зарлан дуудах хуудсыг төрийн нэрийн өмнөөс иргэдэд хүргэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудасны тараалт өнөөдрийн байдлаар 92,3 хувьтай байна.
 
-    Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн болон батлагдсан зураг төсөлгүй, зөрчил гаргасан  аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
 
-    Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асах унтрах цагийг тааруулан, хяналт тавин ажиллаж байна. Дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд гэр хорооллын хороодын дарга нараас гэрэлтүүлгийн асалтын мэдээг авч баталгаажуулан гүйцэтгэлээ авдаг ажиллагаанд шилжсэнээр гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг бүрэн хянаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцах компаний сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэгт гарсан гэмтлийг 30.00 минутаас 48 цагийн дотор гэмтлийг засварлаж байх шалгуур үзүүлэлтийг гэрээний заалтанд оруулсан байна.
Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжаар хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл” баталсан. Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй хамрагдах юм. Ажлын хэсэг нь хуваарьт хороодод тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  ажиллана. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж,  батлагдсан 23 төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгөх юм. Мөн дүүргүүдийг 4 хэсэгт хуваан өрсөлдүүлж, тохижилт, цэвэрлэгээний ажлын идэвх, оролцоо, үр дүнг харгалзан хэсэг тус бүрээс 1 дүүргийг буюу 4 дүүргийг шалгаруулах юм байна.

Мөн энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2016 оны төлөвлөгөөгөө гаргаж, материалаа НЗДТГ-ын Стратегиийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн харьяа газруудад үүрэг болгов.  Дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын нөхцөлийг эцэслэн нэгтгэх ажил нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд явж байна. Дүүргүүд энэ талаархи мэдээллээ нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад яаралтай өгөхийг үүрэг болголоо. Мөн дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, тайлангаа гаргаж НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран худалдан авалтын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулга хийхийг даалгав. Зуны эхэн сар гарч байгаатай холбогдуулан хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.  БОНХАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий уриан дор нийслэлийн дүүргүүд болон харьяа газрууд идэвхтэй оролцохыг бүх байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал эмнэлгийн хүрээлэн шалгарах байх аа.
2015-05-04