Ц.Элбэгдорж: Бид Швейцарийн банк шиг л ажиллана

Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V бага хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн бага хурал “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд явагдаж буй юм. Хурлын нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар үг хэллээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Буухиагаар мэдээллийг хүргэх систем эрт дээр үеэс манайд уламжлагдан ирсэн өртөөний системтэй. Ийм агуу тогтолцоог өдий болгосон оронд цахим эрх чөлөөний тухай ярьж байгаа нь цагаа олсон хэрэг.
Фэйсбүүк, твиттер, гүүглд өөрийн баазаа бий болгох боломжтой. Бид Швейцарийн банк шиг л ажиллана. Мэдээлэл технологийн салбарт ажилладаг хүмүүстэй та бүхэн хамтран ажиллаарай.
20 жилийн дараа манай улс мэдээллийн технологи тал дээр тэргүүлэгч болно гэдэгт итгэж байна. Манай залуучуудын мэдлэг боловсрол үүнийг хийх боломжтой. Онлайн эрх чөлөөний эвслийн байрыг Улаанбаатарт байршуулах боломж бий" гэдгийг тэмдэглэв.
Ази тивд анх удаа хуралдаж буй энэ хурлаар “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм.
Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ