Шинэ нам улс төрийн соёлыг бий болгоно
2015-05-04

2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн нам шинэчлэгдэж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Тус нам нь одоогоор 1300  гаруй гишүүнтэй бөгөөд  гишүүнээр элсэх 10 000 гаруй хүсэлт ирээд байгаа аж. Хөдөлмөрийн Үндэсний Нам  буюу ХҮН 2012 оны сонгуульд оролцоогүй бөгөөд намын гишүүны татвараар санхүүжиж, тайлангаа ил тод нээлттэй байлгахаа энэ үеэр мэдэгдлээ.

 

Хөдөлмөрийн Үндэсний Намын их хурлаар намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд хөгжлийн шинэ шатанд гарах зорилго тавьсан гэнэ. Тэд Монгол хүнийг унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахад бодлого, шийдлийг ярьж хэрэгжүүлэх бөгөөд Монгол хүнд голлон анхаарах аж.

 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил энэ үеэр “Монгол үндэстний хөгжлийн "хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ.

 

Нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл бол Хүн дээд үзлийн цөм юм. Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол улсаа хөгжүүлж чадна.

 

Хүн дээд үзлийн нөгөө нэг хэсэг нь Монгол Хүний төлөө ажилладаг Монгол нийгмийг бий болгох явдал. Энэ нь Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг хэлнэ.

 

Бид энэ таван тулгуур хүчин зүйлийг биелүүлсэнээр иргэд нь аз жаргалтай, Улс нь өндөр хөгжилтэй болох Монгол зорилгоо гүйцэлдүүлж чадна. Хөдөлмөрийн үндэсний нам энэ зорилгоо хэрэгжүүлэх сэтгэлтэй, чадвартай, шинэ улс төрийн хүчин юм.

 

Манай нам үндэстний эрх ашиг дээр тулгуурлан ажилладаг. Бидний нэгдэж нийлсэн зарчмууд дээр тулгуурладаг, бие даасан мэргэжлийн институц байх болно. Бид түүхэн цаг үеийн шаардлагаар эх орноо одоогийн мухардлаас гаргаж, хөгжлийн шинэ гараан дээр Монгол зорилгоо хэрэгжүүлэх үүрэгтнүүд юм. Бид бол та нар юм” хэмээн мэдэгдэв.

 

Ингээд тус намын дарга С.Боргилоос намынх нь үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монголд улс төрийн нам олон байна. Танай нам юугаараа ялгарах юм бэ?

-Энэ улс орныг өөрчилье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу улс төрийн нам байгуулж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клуб байгуулаад 9 сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан.

 

Харин одоо улс төрийн нам болж байна. Бусад улс төрийн намууд өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллана. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Бас боловсон хүчний маш их чадавхитай.

 

-Намын санхүүжилтын асуудлыг яаж шийдэх вэ?

-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтыг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.

 

-2016 оны сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?

-Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн явж байгаа тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л явагдаж байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
өнгө:
Энэ намын өнгө нь нэг л биш байна даа
2015-05-05
Зочин:
эчлэгдэхгүй бас нэг Өвчтөн нэмэгдэлээ. Төр, улс, түмэн олон түрүүчийн намуудаас залхаж бна.Нам -гэдэг үгнийхээ утгыг л бод доо, та нар мөн ялгар ч харагдаач..шүлсээ үсэргэсэн суудлын хэнээтнүүд юу ч гэж хуцна шүү дээ???!!!
2015-05-04