Шилдэг залуу эмч нар Ерөнхийлөгчийн шагналыг гардлаа
2015-5-4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагналын эздээр Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эмч Бадарчийн Бат-Ирээдүй, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх нар тодорлоо. Тэдэнд уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд гардуулан өгөв.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж, глиссон болон дурангийн аргаар элэгний их тайралт мэс заслыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн хорт хавдрын нотолгоо түшсэн мэс заслын эмчилгээг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгааг нь өндрөөр үнэлж энэ шагналыг хүртээжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эмч Бадарчийн Бат-Ирээдүй элэг шилжүүлэн суулгах болон дурангийн аргаар хэсэгчлэн тайрах, уушгины дэлбэнг бүтнээр авах аргачлалыг өөрийн эмнэлэгт нутагшуулан ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай хүргэн олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад оруулсан идэвх зүтгэлийг нь үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодруулжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх чих, хамар, хоолойн мэс заслын эмчилгээ, оношлогооны орчин үеийн арга, технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр амжилт гарган ажилласан учир Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан боллоо.

 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд шилдэг залуу эмч нарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manai kursiin Taivnaa, Turoo 2 bna. Bayar hurgey!
2015-05-04