Ерөнхийлөгчийн сонгуульд эмч нэр дэвшинэ
2015-05-04

АНУ-ын мэс засалч эмч Бен Карсон ирэх 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, шинэ цагийн удирдагч болох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “AFP” агентлагт “Нэгэн хэвийн улс төрийн амьдралыг өөрчилж, олны танил болсон нэгнийг сонгохгүйгээр бодит амьдрал мэддэг, ард түмнээ хамгаалж чадах хүн Ерөнхийлөгч болох учиртай. Цаг нь боллоо. Би мөнгө, эрх мэдлийн төлөө хэзээ ч хэн нэгнийг хохироохгүй. АНУ хөлөөсөө толгой хүртлээ өөрчлөгдөх учиртай. Би ард түмнийхээ итгэлийг олсон шилдэг удирдагч болж чадна” гэж хэлжээ.

 

Тэрбээр “Бүгд Найрамдах” намаас сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа юм.  Карсон “Намынхан минь надад итгэл хүлээлгэвэл би ялалт байгуулж чадна. Надад боломж олгооч”  гэжээ.  Бен Карсон 1987 оны есдүгээр сард сиамын ихэр салгах мэс заслыг амжилттай хийж, олны танил болсон юм. Эмчийн алтан гарын буянаар 1000 гаруй хүн үхлээс мултарчээ.

 

“Бүгд Найрамдах” намаас  эмчээс гадна Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш, сенатор Марко Рубио, Кентукки мужийн сенатор Ренд Пол болон тэрбумтан Дональд Трамп нэр дэвших хүсэлтээ гаргаад буй юм. Тус намын удирдлагууд болон гишүүд ирэх зургаадугаар сард эцсийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах билээ. Харин тус намын өрсөлдөгч, сөрөг хүчин “Ардчилсан” намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдөх юм.

 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин