Балбад дахин газар хөдлөв
2015-05-05

 

Балба улсад өнгөрсөн сарын сүүлээр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, өнөөдрийн байдлаар 7305 хүн амиа алдаж, 17500 хүн гэмтэж, 5000 гаруй хүн сураггүй хэвээр байна. Тэгвэл тус улсад өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагийн үед  Катманду хотоос 56 км-ийн цаана 5.1 баллын газар хөдлөлт болсон тухай  “CNN” агентлаг мэдээллээ.  Газар хөдлөлт хохирол учруулаагүй гэдгийг албаныхан баталж, “Ямар ч хүн гэмтэж бэртээгүй. Аврагчид газар хөдлөлтийн голомтод амьдарч буй хүмүүсийг аюулгүй газар байршуулсан” гэж мэдэгджээ.

 

Ерөнхий сайд Сомаль Койрала “Газар хөдлөлт дахин болох эрсдэлтэй байгаа. Тиймээс Эверестийн оргил болон бусад оргилд гарахыг тодорхойгүй хугацаагаар хориглож байна” гэж хэлжээ. Олон улсын аврагчид өчигдөр 19 уулчны цогцсыг олж,  Катманду хотноо авчирчээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь жуулчид гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин