Үндэсний телевиз З.Энхболдын өмч биш

МҮОНТ-ийг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн дураар өмчилдөг гэдгээ удаа дараагийн үйлдлээрээ харуулж байна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр МҮОНТ-ийн зарлагдсан хөтөлбөр дундуур нь Эрдэнэс Тавантолгой компанийн захиалгат нэвтрүүлгийг шахаж. Өөрөөр хэлбэл тухайн цагт гарах байсан нэвтрүүлгийг дур мэдэн тасалж, захиалгат нэвтрүүлэг оруулсан гэсэн үг. Энэ ажлыг телевизийн захирал Д.Энхтуяа гардан хийсэн гэдгийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь твиттер хуудсаараа дамжуулан хэлжээ.
МҮОНРТ бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Олон нийтийн статустай учраас төрийн ямар ч өндөрлөг өөрийн эрх мэдэл, нэр хүндийг ашиглаж, энэ телевизэд халдаж болохгүй гэсэн үг. Гэвч энэ статус олон удаагийн “дайралтад” өртөж, цаасан дээр үлдэхэд хүрээд байна. МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарыг ажлаа өгөхөд ч энэ асуудал нөлөөлсөн. УИХ-ын дарга үндэсний телевизийн эфирийг өөрийн дураар ашиглаж, сонгуулийн үеэр өрсөлдөгч намын нэр дэвшигчдийн талаар ёсзүйгүй нэвтрүүлэг цацахыг үүрэгдсэн. Харин энэ үүргийг нь М.Наранбаатар биелүүлээгүйгээс асуудал үүсч, эцэстээ УИХ-ын чуулганы индрээс архичнаар нь дуудаж, төрийн эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашигласан. Одоо ч энэ асуудал дуусаагүй. Шүүх цагдаадаа тулж, мөнгө төгрөг нэхэмжилж, нэгнээ эрж сурсан байдлаар үргэлжилж буй. Товчхондоо М.Наранбаатар үндэсний телевизийг улстөрчдийн гар хөл болгохгүй гэж олон нийтийн статусаа хамгаалахыг зорьсон. Харин энэ нь спикерт таалагдаагүй учраас элдвээр шахсаар унагаж, оронд нь өөрийн хүнээ аваачиж тавьсан.
Тэр нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь. Магадгүй энэ томилгоо УИХ-ын даргыг дур зоргоороо аашлахад нь чөдөр тушаа болохгүй гэж бодсон байх. Тиймдээ ч Ц.Оюундарьд ч мэдэгдэхгүйгээр хөтөлбөрийг нь эвдэж, захиалгат нэвтрүүлэг шахсан байх. Харин Ц.Оюундарь угийн л энэ тогооны хүн учраас юуг хамгаалах үүрэгтэйгээ сайн мэдэж буй. Тиймээс ч олон нийтийн сүлжээгээр УИХ-ын даргад хандаж, хэлдэг үгийг нь сануулсан байна. Тэрбээр МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийг УИХ баталдаг. Мөн УИХ-ын дарга олон нийтийн телевизээр тэнцвэртэй мэдээлэл гарга гэсэн шаардлагыг тавьдаг хэмээн жиргэсэн байна. Өөрөөр хэлбэл хэлдэг үг, хийсэн ажил хоёр яагаад зөрчилдөөд байгааг УИХ-ын даргаас асуусан хэрэг. Тэгвэл хариуцлагыг хэн хүлээх вэ?
Олон нийтийн статусыг үл тоомсорлож, эрх мэдлээ ашиглан захиалгат нэвтрүүлэг шахсан спикер хариуцлагыг үүрэх үү. Эсвэл хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчинд үйлчлэх бус Монголын ард түмэнд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүргээ уландаа гишгэж, даргын хүслийг биелүүлсэн Д.Энхтуяа хариуцлага хүлээх үү. УИХ-ын баталсан удирдах зөвлөл нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхгүй гэж найдаж байна. Даргад үйлчлэх томилгоо бус үзэгчдийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн төлөөлөл гэдгээ тэд санаж буй биз ээ.
МҮОНРТ-ийг хувьчлаагүй цагт хэн гуай ч дур зоргоороо аашилж, хувийн сонирхолдоо ашиглаж болохгүй. Үүнийг хууль дүрмээр зохилцуулж, баталгаажуулсан. Энэ цагт би ч, УИХ-ын дарга ч бүр Ерөнхийлөгч нь ч олон нийтийн телевизийн зөвхөн үзэгч, сонсогч байх эрх, үүрэгтэй.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ