Ерөнхий сайдад асуулга тавилаа

img

УИХ-ын бие даагч гишүүд болон Шударга ёс эвлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьжээ. Уг асуулгыг  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар тавьсан байна. Тэдний асуулгыг  бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Асуулга тавих тухай

 

Оюу толгой ХХК анхны зэсийн баяжмалаа 2013 оны 7 сард ачуулж эхэлснээс хойш 2 жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд тус компанийн хийсэн экспорт, татвар төлөлт дээр үндэслээд Оюу толгойн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн эхний бодит дүр төрхийг харах боломжтой юм. Мөн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 тоот хамтарсан тушаалаар байгуулсан Оюу толгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтээр Оюу Толгой компани нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1.4 тэрбум ам.долларыг ямар ч баримтгүй илүү зарцуулсан нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн Оюу толгой компанийн төлөх байсан 130 сая ам.долларын татварыг ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөл 30 сая ам.доллар хүртэл бууруулсан тухай асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар байна.

 

Гэтэл Засгийн газраас Рио тинто компанитай “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулж, дээрх баримтаар нотлогдохгүй байгаа 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах саналыг тавьсан гэдэг мэдээлэл олон нийтэд тарлаа.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн УИХ-ын гишүүд бид Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон ‘Эвлэрлийн гэрээ” гэгчийн талаар тодруулга авахаар дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

 

Оюу толгой ХХК үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хичнээн хэмжээний борлуулалт хийж, хэдэн төгрегийн татварыг Монгол улсад төлсөн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангаж буй эсэх.
Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, ҮР Дүн ямар байна? Тухайлбал:

 

а. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Оюу толгойн баялгийн борлуулалтын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, Зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байгаа.


б. Баялгын нөөц ашиглалтын татварыг Оюу толгой компани Эрдэнэтээс 3 дахин бага төлж байгаа. “Шинэчлэлийн” Засгийн газар энэ татварыг ижил болгох асуудал тавьж байсан. “Шийдлийн” засгийн газар гэрээг сайжруулах ажлын хүрээнд энэ асуудлыг тавьсан эсэх, нэг улсад хоёр татварын хэт ялгаатай байгаа энэ байдлын талаар юу бодож байна.

 

3. МУ-ын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 тоот хамтарсан тушаалаар байгуулсан Оюу Толгой компанийн зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх.

 

4. Хөрөнгө оруулагчтай “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулж татварын төлөх өр, анхны хөрөнгө оруулалтын гэрээний баримтаар баталгаажаагүй 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах саналыг Засгийн газраас тавьсан эсэх. харилцан буулт хийх яриа хэлцэл явагдаж байгаа эсэх талаар холбогдох баримт (албан тоот, протокол г.м)-ын хамт мэдээлнэ үү.

 

Эдгээр асуулгын хариуг хуулийн хугацаанд ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг танаас хүсье.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ерөнхий сайдаа газрын хөрс эргүүлэх ашиггүй ажлаа зогсоо монгол хүн капитал гэдэг баялгаа дэмжиж ажилла хүүхдийн эмчийн эзэнгүй ажлын байранд тэтгэвэрт гарсан хүүхдийн эмчийг 50 хувийн цалингаар ажиллуул төр цалингийн зардлаа хэмнэнэ хүүхэд эрүүл болно маш чухал мэргэшсэн инженер технологич нарыг эргүүлж ажилд нь ав гадаадад ажлын дадлага туршлагатай хөдөлмөрч хүнийг томил жижиг үйлдвэрийг дэмж архи уудаг хүнгүй болно сингапурын ЛИ КУАН ЮУ шиг гэрт нь очоод ажилд орохыг ятга, түүнд ажлын ур чадвартай л бол өндөр настай, тэргэнцэр дээр суудаг байсан ч хамаагүй, улсаа хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй байсан ТЭР ЧАДСАН ТЭР ЧАДСАН чи чадах уу учир нь ард түмэн чинь төрдөө итгэхгүй болчихоод байна та шударга ажилла
2015-05-05