О.Баасанхүү мэдээлэл хийв
2015-05-05

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай бөгөөд өнөөдөр /2015.05.05/ сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийв.

 

 

Тэрээр мэдээлэлдээ, 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал хэмээн онцлов. Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжлүүлсэн гэв.

 

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл ирүүлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж буй тухай иргэдийн өргөдөлд дурджээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулах тухайгаа танилцуулсан юм.

 

Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудалтай холбоотой Аудитын газар, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт албан бичиг явуулж буй. Энэ тухай санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин