Берлин хүрсэн дайчин монгол морьдод зориулсан хөшөө босгоно

Нацист Германыг бут цохисны 70 жилийн ойн гол арга хэмжээ энэ сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд цэргийн парадаар эхэлнэ. Тус арга хэмжээнд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох бөгөөд Москвад босох нэгэн өвөрмөц хөшөөний нээлтэд оролцох юм байна. Тэр нь дайны эхний өдрүүдээс эхлэн хүнд хүчир замыг туулж Берлинд хүрсэн тэсвэр тэвчээр их монгол морьдын дурсгалд зориулсан хөшөө ажээ.
ЗХУ-д халдсан эхний өдөр л манай улсын Засгийн газар мэдэгдэл гаргаж, төв Азид орших сая ч хүрэхгүй хүн амтай Монгол Улс ЗХУ-ын талд эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр зогсч анхны холбоотон нь болсон билээ. Холбоотондоо чадах чинээгээрээ туслан дэмжиж байсан манай улс дайны үед 500 мянга гаруй морьдоо фронтод илгээсэн байдаг. Улаан армийн тээвэрлэлтийн хамгийн найдвартай тээврийн хэрэгсэл нь чухамхүү монгол морьд байсан гэдэг. Асаргаа шаарддаггүй, хүч тэнхээ, тэсвэр хатуужил, эр зориг ихтэй эзэддээ ямагт үнэнч монгол морьдоо нулимс дуслуулан эргэн дурсдаг дайны үеийн баатрууд манай хойд хөршид одоо ч байдаг.
ЗХУ-ын хошой баатар, генерал И.Плиев дурдатгалдаа, “Эхэндээ бид намхан нуруутай монгол морьдыг бүрэн зэвсэглэсэн цэргүүдийг яаж даахав дээ гэж голонгуй боддог байв. Гэвч дайны хүндийг хамтдаа туулахдаа өөрөө хоол тэжээлээ олоод идчихдэг, ядарч цуцсан ч үүргээ заавал гүйцэтгэдэг, тулалдаанд хэзээ ч ороход бэлэн байдаг үнэнч анд тэднийгээ үнэхээр хүндлэн хайрлах болсон билээ. Чухамхүү монгол морьд танкуудтай хамт анх Берлин рүү орсон юм шүү” гэсэн нь бий.
Монгол морьдод зориулсан хөшөө одоогоор ОХУ дахь манай Элчин сайдын яамны хашаанд байгаа бөгөөд Москвагийн хаана босгох нь одоогоор мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: www.polit.mn
Б.БАРС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ