“Эбола”-ын халдвараар 10 мянга гаруй хүн нас баржээ
2015-05-06

Дэлхийн улс орнуудад дэгдэлт хэлбэрээр гарч буй халдварт өвчний талаарх сүүлийн үеийн мэдээллийн талаар ХӨСҮТ-ээс  танилцууллаа.

 

Эбола 2015 оны 04-р сарын 26-ны байдлаар гурван тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 26378 тохиолдол, 10948 нас баралт бүртгэгдсэн байна. Одоогоор Африк тивийн Гвиней, Либери, Сьерра Леонд Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдсэн хэвээр байгаа ч буурах хандлагатай байгаа аж. Сүүлийн 2 долоо хонгийн турш эрүүл мэндийн ажилчин шинээр халдвар авсан тухай мэдээлээгүй  ба одоогоор Эбола вируст халдварт нийт 864 эрүүл мэндийн ажилчид өртөж, 503 хүн нас баралттай байна.

 

Харин Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн халдварын хувьд БНХАУ-ын Хубай мужид шувууны томуугийн H7N9 лабораториор батлагдсан хүний өвчлөл бүртгэгдсэн байна. Энэ тохиолдол нь Хубай мужид бүртгэгдсэн анхны тохиолдол юм. Одоогоор шувууны аж ахуйг хаах, өвчтэй шувууг устгах, эмнэлгийн хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2013 онд Хятад улсад шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний өвчлөл 634 тохиолдол бүртгэгдсэн бол  2014 оны 11 сараас хойш нийт 194 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин