Төрийг нураахаа боль, АН-ынхан
2015-05-07

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ.  Шүүхийн захиргааны болон  шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хороо хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариуллаа.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог:

 

-Шүүгчийн чанар чансааг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ?

 

Шүүгч хуулийг дээдэлж ажиллана. ШЕЗ шүүгчийг сонгон шалгаруулахаас бус шүүгчдийн хараат байдалд хандах ёсгүй гэдэг Хуульзүйн байнгын хорооны дүгнэлт гарсан.

 

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Шүүгч хуулинд захирагдана. Шүүгчийн хараат бус байдалд халдах ёсгүй. Шүүгчийн хараат бус, хуульд захирагдана гэсэн чинь юу гэсэн үг вэ?

 

-Энэ нь нэг мөр ойлголт. Шүүх өөрөө халдашгүй, шүүгч халдашгүй байна. Шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлөх ёсгүй. Гэхдээ үйл ажиллагааг нь хянана.

 

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

 

 

-Дэгээр нарийн зүйл хариулах боломжгүй байгаа. Сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдаан Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг болоод байна. УИХ-аар баталсан хуулиуд өмнө ингэж Цэц дээр унадаг байсангүй. Иймээс бидэнтэй холбоотой асуудал үүсээд байна уу?

 

-Манай эрх зүйн орчин ийм.  Гурван засаглал тус тусдаа явж байна. Энэ бол ардчиллын зарчим юм.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-ШЕЗ мэргэжлийн хороотойгоо хамтраад үнэлэлт дүгнэлт өгнө гэж заасан. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд хандаж байна гэж иргэдийн гомдол ирсэн. Үнэндээ шүүгчийн бие даасан хараат бус байдалд халдаж байна. Иргэдийн гаргасан мэдээлэл үндэслэлтэй байна гэж харж байна. Шүүгчийн  ажлын чанар бүтээмж хянагдаад явна. Гэхдээ ШЕЗ, мэргэжлийн хороо хянахгүй. Шүүгчийг гагцхүү ёс зүйн хувьд  тэнцэхгүй болон мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд ажлаас нь чөлөөлж болно гэж олон улсад заасан байдаг. Шүүхийн мэргэжлийн хороо дүгнэлт гаргаад, дүгнэлт нь сөрөг гарсан тохиолдолд ажлаас нь чөлөөлж байгаа нь хууль бус. Тийм учраас Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээж авахын зэрэгцээ шүүгчийн хариуцлагын асуудлыг нухацтай авч үзэж ёстой.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авъя гэдэг саналтай. УИХ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн өглөө бүр ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцдэг боллоо. Шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ. Цахиагийн Элбэгдоржийн хийсэн зүйл. Шүүхийн тогтолцоо нурлаа. Ордон дотор гүйж яваа жоомны өнгөнөөс эхлээд сансрын хөлгийг мэддэг  хүмүүс байна. Шинэчлэл нэрийн дор шүүхийн тогтолцоог нураадгаа боливол яасан юм. Шинэтгэл нэртэй төрийг нураах ажил хийж байна. Шүүхийн системийг нураасан. Одоо Монгол төрийг  нураах ажил эхэлсэн. Өнгөрсөн УИХ үүнийг гаргасан. Үндсэн хуулиа сахиж ажилла. Дур зоргоороо ажилладгаа болиоч  ээ. Нэг хүний оруулж ирсэн юмыг тураалд орсон цэрэг шиг гулгиж гаргадгаа болиоч ээ.  Хэлсээр байтал илэрхий зөрж хийсэн. Шүүх, эдийн засаг, төр, улс орон чинь ямар болж байна вэ? Шинэчлэл нэртэй нураалтаа боль. Танайхны яриад байгаа шинэчлэлийн цаана нураалт явж байгаа, АН-ынхан. Чимид багш хүртэл сэтгэлээр уначихсан, хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй байна гээд явж байсан.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Энэ хуулийг гаргахгүй байх бололцоо танай намд байсан шүү дээ. Танай нам өмнөх парламентад олонхи байсан. Хэн санаачлах нь яах вэ. Баталж гаргадаг нь олонхи шүү дээ.

 

Ийнхүү Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор асуулга бүрээр санал хураалт явуулж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АГДЧИЛСАН НАМД НУРААХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ АЛГАА. ОДОО БҮР МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ нурааж Байна
2015-05-07