Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна
2015-05-07

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилжээ. Харин дээрх хуульд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулахаар тусгажээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлын хувь хэмжээг УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолд заасны дагуу 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлэн, уг төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох зэрэг зохицуулалтууд тусаад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотойгоор “Зах дээр зогсож байгаа, хувиараа мал маллаж байгаа хүн байна. Ахуйн осол чинь өөрөө хөдөлмөрийн осол болж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг юу гэж ойлгох вэ? Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч мөн үү? ТҮЦ ажиллуулж байгаа хүн ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа юм” гэдгийг гишүүд хууль санаачлагчаас асууж байлаа. Гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараагаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

 

Одоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин