Оюутны анхдугаар зөвлөгөөн боллоо
2015-05-07

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.

 

Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Баянзүрх дүүргийн Оюутны холбооны дарга Т.Даваадорж болон оюутан залуусын төлөөлөл болсон 500 манлайлагч оюутан оролцсон юм.

 

“Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” анхдугаар зөвлөгөөнийг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулав. Баянзүрхийн хөгжил ба оюутан сэдвээр МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Боловсрол ба оюутан сэдвээр “Шихихутаг” дээд сургуулийн хуулийн багш Т.Амарсанаа нар илтгэл тавьсан. Харин Хөдөлмөр эрхлэлт ба оюутан сэдвээр Монголын оюутны холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргал, Эрүүл мэнд ба оюутан сэдвээр Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нар хүрэлцэн ирсэн оюутнуудад илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөнд оролцогч нар дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, шилдгүүдээ шалгаруулсан.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус зөвлөгөөн нь нийгмийн салбар бүрт оюутан сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн шийдвэр гаргах төвшинд оюутнуудын дуу хоолой, үзэл бодлыг хүргэх уриалга гарган дүүргийн хөгжилд оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв. Дашрамд сонирхуулахад, дүүргийн хэмжээнд нийт 27 их дээд сургуульд нийт 37,700 гаруй оюутан залуус суралцаж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин