Ялалтын баярын сонин сайхан
2015-05-08

Маргааш ОХУ-ын нийслэл Москва хотноо агуу их ялалтын 70 жилийн ойн баяр болох билээ. Олон улсын анхаарал Москвагийн зүг чиглээд байна. Ялалтын баярын бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс уламжилжээ.

Тус парад Москвагийн цагаар 10.00 цагт эхлэх бол Улаанбаатарын цагаар 16.00 цагт болох юм.

 

Крымчүүд парадад оролцоно

 

 

2013 оны хавар Украины автонамит муж Крым ОХУ-ын эх газарт нэгдэх хүсэлтээ гаргаж, бүх нийтийн сонгууль явуулсан билээ. Сонгуульд оролцсон иргэдийн 99 хувь нь Орост дагаар орохыг дэмжсэн юм. Маргааш болох Ялалтын баярт Крымийн 1000 гаруй иргэн оролцохоор болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Иргэдийг тусгай автобусаар тээвэрлэж, өчигдөр Москва хотноо авчирсан гэв.

 

27 орны төрийн тэргүүн Москвад ирэв

 

 

“Путиний урилгыг хүлээн авсан  27 орны төрийн тэргүүн Москва хотноо хүрэлцэн ирсэн” тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Москва хотноо Азербайжан, Армен, Белорусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, Абхаз, Өмнөд Осети, БНХАУ, ӨАБНУ, Энэтхэг, Босни ба Герцеговина, Венесуэл, Вьетнам, Герман, Египет, Кипр, Хойд Солонгос, Бүгд Найрамдах Македони улс, Монгол, Палестин улс, Серб, Чех, Зимбабве болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, “ЮНЕСКО”-ийн ерөнхий захирал Ирина Бокова нар хүрэлцэн иржээ.

 

140 онгоц Москвагийн тэнгэрт нисчээ

 

 

Энэ сарын 6-нд Москвагийн тэнгэрт ялалтын баярт оролцох 140 онгоц нисч, бэлтгэлээ хийсэн билээ.

 

Баярын өмнө татгалзжээ

 

 

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф өчигдөр ялалтын баярт оролцох боломжгүй гэдгээ Ерөнхийлөгч Путинд утсаар мэдэгджээ.

 

15 мянган цэрэг алхана

 

 

Маргаашийн парадад дэлхийн 10 орны 15 мянган цэрэг, 200 гаруй тээврийн хэрэгсэл, 150 нисэх онгоц оролцож, Оросын Батлан хамгаалахын сүр хүчийг дэлхийд гайхуулах билээ.

 

Москва  бэлэн байдалд шилжжээ

 

 

Ялалтын баярыг эмх журамтай зохион байгуулах үүднээс Москва хотноо 20 мянга гаруй цэрэг, цагдаа, 100 гаруй мэргэн бууч болон 2400 гаруй сайн дурынхан , парад болох бүс нутгуудад ажиллаж байна. Цэргүүд болон цагдаагийхан ёслолын хувцсаараа гоёсон бол сайн дурынхан “Баярын мэнд” хэмээн бичсэн цагаан өнгийн футболкаар жигдэрчээ. Мөн аюулгүй байдлын үүднээс 400 гаруй хяналтын камерыг хотын төвд байршуулсан байна.

 

1.5 сая жуулчин иржээ

 

 

Ялалтын баярыг үзэхээр өчигдрийн байдлаар Москва хотноо 1.5 сая жуулчин хүрэлцэн ирээд байна.  Жуулчдын ихэнх нь Хятад, Японоос иржээ. Аялал жуучлалын яамнаас жуулчдад зориулж “Сайн цаг” хэмээх хөтөлбөрийг санаачилж, түүхийн дурсгалт хөшөө болон парадад оролцох цэргүүдийг бэлтгэлийг үзүүлжээ.

 

Баатрууддаа хүндэтгэл үзүүлнэ

 

 

Ялалтын баяр эхлэхээс өмнө  Оросын баатруудын үйл хэргийг хүндэтгэн нэг минутын хугацаанд дуугүй зогсдог уламжлалтай. Энэ жил 70 удаа их буугаар агаарт хий буудахаар болжээ.

 

Ёслолын буудлага болно

 

 

Ерөнхийлөгч В.Путинийг үг хэлсний дараа  Москвад  17 газарт ёслолын буудлага болно.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Augaa ix Oros oron,Orsiin tsereg ers mandtugai.
2015-05-08
монгол:
Хэвлэл мэдээллийнхэн наадам,тусгаар тогтнолын баяраа л ингэж сурталчилж таниулж өгөөрөөдөө
2015-05-08