Н.Мөнхбат : Асуудлыг битгий улстөржүүлээч ээ

УИХ-аас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн тус банкнаас багагүй зөрчил илрүүлсэн талаар мэдээлэл гарсан билээ. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сарын 6 сая төгрөгийн цалинтай, улиралд 6 сая төгрөгийн урамшуулал авдгаас гадна Ерөнхий сайдаас дөрөв дахин өндөр томилолтын зардалтай зэрэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тайлбар хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тэрбээр:
-Өнгөрсөн жил Хөгжлийн банк ашигтай ажилласан. Хөгжлийн банк 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 31 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн. Энэ онд IV цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Хөгжлийн банк гадаад зах зээлээс мөнгө босгодог. Өнгөрсөн онд Хөгжлийн банк гадаад зах зээлээс босгосон мөн валютын урсгалаас давсан. Харин манай үйл ажиллагааны талаар хариуцлагатай албан тушаалтан буруу мэдээлэл цацсанд харамсаж байна. Төрийн албан тушаалтнууд асуудалд хариуцлагатай хандаач гэж хэлмээр байна. Асуудлыг битгий улстөржүүлээч ээ. Хөгжлийн банкны бүх гүйлгээ, шилэн дансан дээр байгаа гэсэн юм.
-Сонгон шалгаруулалт явуулалгүй зарим компаниудад зээл олгосон гэж яриа байна?
-Чингис бондыг УИХ-ын 52 дугаар тогтоолын дагуу шийдвэрлэсэн. Хөгжлийн банк гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаггүй. Гэхдээ зарим тендерийг тусгай журмаар хийдэг. Тухайн төслийг сонгон шалгаруулах асуудал Засгийн газар шийддэг.
-Самурай бондоос 5.7 тэрбум төгрөг орж ирээгүй гэдгийг тайлбарлахгүй юу?
-Самурай бондоос тодорхой хувийг Японы банк суутгаж авсныг тухайн үедээ мэдээлж байсан. Самурай бондыг гаргахад манай Засгийн газар баталгаа өгсөн. Мөн Японы талаас ч баталгаа гаргасан. Самурай бондын шимтгэл нь жилд 2 хувь байдаг. Самурай бондыг гаргахад 10 жилийн хувийн хүүгээ суутгасан.
-Зуучлалын хөлсөнд 50 сая төгрөг төлдөг, таны сарын цалин 6 сая, томилолтын зардал Ерөнхий сайдынхаас ч өндөр өртөгтэй гэсэн яриа байна?
-Зуучилсан зүйл байхгүй. Хөгжлийн банк үйл ажиллагааныхаа зардалд жилд 7 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Цалин бол Хөдөлмөрийн хуулийн дагуу явагддаг. Бид үйл ажиллагааны зардлаа өөрөө олдог. Улсын төсвөөс үйл ажиллагааны зардал олгодоггүй. Тиймээс манай ТУЗ хуралдаж, цалинг тогтоодог. Бусад зардлын тухайд ОХУ-ын Санкт-Петрбург руу өнгөрсөн оны тавдугаар сард Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын хүрээдн томилолтоор явсан. Уг томилолтоор IV цахилгаан станцын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг асуудал 10 гаруй жил яригдсаны эцэст шийдвэрлэгдсэн. Харин энэ томилолтоор өндөр зардал гарсан. Гэхдээ бид зардлаа чадлаараа хэмнэдэг.
-“Монроуд” компани 30 тэрбум төгрөгийн зээлийг танай банкнаас аваад ажлаа хийгээгүй зөрчил илэрсэн гэсэн?
-Зам, дэд бүтцийн ажлыг зөвхөн гүйцэтгэлийн дагуу шилжүүлдэг. Уг зам барих төсөл анх 37.2 тэрбум төгрөгөөр батлагдсан. Дараа нь дахин өөрчлөлт орж 46.4 тэрбум төгрөг болсон юм билээ. Санхүүжилтээ авсан. Ажил нь 54.83 хувьтай байгаа. Хөгжлийн банк дунд хугацаагаар үйл ажиллагаагаа төлөвлөдөг.
-Бондын мөнгөний үлдэгдэл хэд байгаа вэ?
-Чингис, Самурай бонд болон бусад эх үүсвэрийн нийт чөлөөлт үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байгаа.
-Таныг АТГ-т шалгуулж байгаа юу?
-АТГ-аар манайд хийсэн шалгалт дууссан.
-Танай банк сарын 60 сая төгрөгөөр “Макс”-ын байрыг түрээслэдэг гэсэн. Яагаад төрийн хямд байранд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юм бэ?
-ТӨХ-ноос манайд байр олгох хүсэлт тавьсан. Гэвч шаардлага хангасан байр байхгүй гэж ТӨХ мэдэгдсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ