Гэрч, хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо
2015-05-08

Тахарын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүрэг дэх Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн байранд Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулан өнөөдөр ашиглалтад орууллаа.

 

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд Гэрч, хохирогчид сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байхаар заасан байдаг билээ.

 

Энэ үеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан “Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал их хэцүү. Харин өнөөдөр ийм өрөөтэй болсноор тэдний айдас бага ч гэсэн багасч байна. Учир нь тэд хэрэгт холбогдогч болон түүний хамаатан садан, хамсаатнуудын үг хэл, үйлдлээс бага ч атугай холдож байгаа юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тэр дундаа энэ өрөөг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах ажилд идэвх санаачлагатай ажиллаж, амжилттай хэрэгжүүлсэн Тахарын ерөнхий газрын хамт олонд тэдний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж байв.


Өмнө энэ чиглэлээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран тус шүүхийн байранд “Гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх” өрөөг тохижуулан 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн байдаг. Энэхүү өрөөг гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг мэдээллээр хангах, шүүх хуралдааны үед шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийг сэтгэл зүйчтэй хамт байлцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүйгээр тус өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцыг ажиглах боломжтой юм.

 

Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа “Уг өрөөг нээснээр эхэндээ бид иргэдэд таньд энэ өрөөнд орох эрх байгаа шүү гэж хэлдэг байсан бол одоо иргэд маань өөрсдөө хүсэлт тавьдаг болж байна. Энэ нь бидний хийж буй ажил олон нийтэд хүрч байгаагийн илрэл. Тиймээс гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөө нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.

 

Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран орон нутгийн шүүхүүдэд Гэрч хохирогчийг хамгаалах өрөөг байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин