”Single ladys 2” кинонд загварын чиг хандлагыг шингээнэ
2015-05-11

“Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад буй жүжигчин Г.Ундармаа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, уран бүтээл, хандивын ажлын талаараа танилцууллаа.

 

 

Тэрбээр “Итгэлийн танхим” сайн үйлсийн ажилын хүрээнд Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэгт нийт 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилт, засвар хийж өгчээ.

 

Уг хөрөнгө оруулалтын 14 хувийг жүжигчин бүсгүй өөрөөсөө гаргасан юм байна. Харин бусад хөрөнгийг хамтран ажилладаг хувь хүн, байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүл, өөрийнх нь ажлыг дэмждэг сайхан сэтгэлт хүмүүсээс гаргасан гэдгээ онцолсон юм.

 

 

Тэрбээрэнэ удаад сэтгүүлч Л. Мөнхбаясгалантай хамтран ХСҮТЭ-ийн хүлээн авах танхимыг өргөтгөхөөр зураг төслийн ажлаа эхэлжээ.

 

Энэ тухай ярихдаа “Би сэтгүүлч Л. Мөнхбаясгалангын нийтлэлийг уншаад энэ удаагийн төсөлдөө хамтран ажиллахаар болсон. Бид ХСҮТЭ-ийн хүлээлгийн заалыг 140 мкв өргөтгөл хийж өгөхөөр болсон. Уг ажилд хавдрын эмнэлгийн хоёр эмч хамтран ажиллахаар боллоо. Бидний гол зорилго бол эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчинг бий болгоход оршиж байгаа.  Хайртай дотны хэн нэгнээ эдгэнэ, эрүүл болгоно гэсэн итгэлийн хүлээлтээр эмнэлгийн хүлээлгийн танхимд өнжин хонож буй иргэн бүхний төлөө чин сэтгэлээсээ энэ ажлыг хийж эхэлсэн. Би реклам,  зар сурталчилгаанд тоглосон мөнгөө “Итгэлийн танхим”-даа хандивладаг. Сүүлийн үед энд тэнд лекц уншиж мөнгө олдог болоод байгаа. Эндээс олсон мөнгөө ч бас сайн дурын ажилдаа хандивлаж байгаа юм” хэмээн ярилаа.

 

 

2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Ю Тийм” ХХК-ны “Ю Фильм” уран бүтээлийн нэгдэл “Single lady”, “Тютю” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон. Харин энэ удаад “Single ladys” киноны үргэлжлэлийг хийхээр болжээ.

 

 

“Single ladys 2” хэмээх уг инээдмийн кинонд Ариунсанаа, Сарангуа, Гэрэлцэцэг хэмээх гурван бүсгүйчүүдийн адал явдал үргэлжлэх аж. Киноны зохиолыг “Single ladys” инээдмийн киноны зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн  юм.

 

Харин ерөнхий зураглаач Солонгосын алдартай зураглаач Jang Yoo Ken-тай хамтран ажиллахаар болжээ. Киноны зураг авалт ирэх долдугаар сард эхлэх бөгөөд үзэгчдэдээ ирэх есдүгээр сард хүргэхээр төлөвлөжээ.

 

Солонгосын зураглаач Jang Yoo Ken

 

Jang Yoo Ken: Фейсбүүкээр монгол бүсгүйчүүд их хөөрхөн харагддаг

Уулзалтын үеэр зураглаач Jang Yoo Ken-ээс дараах тодруулгыг авлаа.

 

 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Jang Yoo Ken гэдэг. Би Солонгост 18 жилийн турш кино урлагийн чиглэлээр ажилласан. Өнөөдөр Г.Ундармаа гэдэг монгол бүсгүйтэй уран бүтээлээр хамтран ажиллах болсондоо таатай байна.

 

 

-Та монголчуудын мэддэг ямар кинонд ажиллаж байсан бэ?

-Би Солонгосын шилдэг 10 найруулагчтай хамтран ажиллаж байсан. Анх дууны инженер хийж урлагтай холбогдсон. Дараа нь эвлүүлэгч, зураглаачаар ажиллах болсон. Одоо рекламаар даганаж ажиллаж байна.

 

 

-Солонгосын зах зээлд “Single ladys 2” инээдмийн кино гарах боломжтой юу?

-Солонгост жилд 1000 орчим кино хийгддэг. Тэднээс 10 нь л кино театруудаар гардаг. Тиймээс бид  Солонгосын телевизүүдэд гарах боломжтой.

 

 

-Та монголд эмэгтэйчүүдийн талаар кино хийх гэж байна. Монгол эмэгтэйчүүд ямар санагдаж байна вэ?

-Тиймээ. Би монгол бүсгүйчүүдийг онлайнаар анх харсан. Монголд ирсэн шалтгаануудын маань ч нэг байж болох юм. Фейсбүүкээр монгол бүсгүйчүүд их хөөрхөн харагддаг /инээв/. 

 

Сонирхуулахад,  “Single ladys 2” инээдмийн кинонд 2015 оны загварын чиг хандлагаас эхлээд залуучуудын сонирхолыг татах олон үйл явдал гарах юм байна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
waw:
waw
2015-05-11
боогий:
aмжилт хүсье. сайн ч хүүхэн сайхан ч хүүхэн шүү,
2015-05-11