Иргэдийг архи хэрэглэхийг хориглоогүй
2015-05-11

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн асуудал иргэдэд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төсөл дээр ажилласан ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ үнэн үү?

-Энэ худлаа мэдээлэл байгаа юм. 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөллийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “архидалт зохион байгуулдаг явдлыг таслан зогсоож, төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хуулиар хориглох, согтууруулах ундааны хатуулаг болон савлагааны хэмжээг бууруулах бодлого баримтлах, өндөр хатуулагтай согтууруулах ундааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.

 

Энэ хуулийн төсөл дээр төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Төрийн өмчит хуулийн этгээд гэж юу вэ гэхээр төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар ордог. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэдэг нь зөвхөн төрийн өмчит хуулийн этгээдэд л хамаарна. Төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдаж авахаас гадна давхар төрийн өмчит хуулийн этгээд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа үйл ажиллагаандаа хэрэглэхийг яагаад хориглосон бэ гэхээр зарим байгууллагууд бусад байгууллагын дэмжлэгтэйгээр согтууруулах ундаа хэрэглэсэн албан ёсны үйл ажиллагаа зохион байгуулчихдаг. Тэгэхээр төрийн өмчит хуулийн этгээд албан ёсны арга хэмжээн дээр согтууруулах ундаа хэрэглэхгүй шүү гэдэг л санаа яваад байгаа юм.

 

-Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт гэдэгт ямар өдрүүдийг хамруулан ойлгож болох вэ?

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай  хуульд заасны дагуу нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж тусдаа. Баярын өдөр гэдэг нь цагаан сар, наадам, хүүхдийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэт байгаа. Эдгээр өдрүүдэд иргэд хуулиараа амардаг.

 

Харин нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж Эрүүл мэндийг хамгаалах өдөр, Оюуны өмчийг хамгаалах өдөр, Байгаль орчныг хамгаалах өдөр, Залуучуудын өдөр гэх мэт 15 өдөр байгаа юм. Эдгээр өдрүүдэд төрийн байгууллагууд албан ёсны арга хэмжээндээ архи хэрэглэхгүй л гэсэн үг. Түүнээс биш иргэдийг архи хэрэглэж болохгүй гэсэн санаа огт агуулаагүй. Хуулийн зохицуулалт дээр хуулийн этгээд гэж оруулсан болохоос иргэн гэж байхгүй.

 

-Төрийн байгууллагууд хэр их мөнгийг архи, согтууруулах ундаанд зарцуулж байсан бэ. Ямар үндэслэлээр ийм зохицуулалт хийх болов?

-Яг хэдэн төгрөг зарцуулсан гэдэг судалдаа гаргах боломжгүй байдаг. Бид нарын үндэслэж буй тоо баримт бол согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчилд төрийн албан хаагчдын эзлэх тоо хэмжээ. Мөн эх оронд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж байгаа согтууруулах ундааны хэмжээ нэг хүн харьцуулан хуваахад маш өндөр байна.

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал багтаж, Ерөнхийлөгч санаачлага гаргаж, олон арван төрийн бус байгууллага согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлах гаргаж, архины эсрэг маш олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хууль гаргах боломжгүй. Тиймээс бид төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр төрийн байгууллагууд согтууруулах ундаа худалдан авч хэрэглэж болохгүй гэсэн зарчмаар хуулийн төслийг боловсруулсан.

 

-Тусгай зөвшөөрөл олгодог асуудлыг хөндсөн байсан.

-Тийм. Одоогийн хуулиараа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгодог. Тусгай зөвшөөрөл олгох асуудлаа иргэд нь өөрсдөө шийддэг байя гэсэн санал, санаачлага гараад байгаа. Бид судлаад тухайн хороо, дүүргийн онцлогоос шалтгаалж аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлөө олгодог зарчмаа  баримталж байна.

Аймаг, нийслэлийн засаг дарга нь тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж гаргасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулсан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгоно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг журмыг боловсруулахдаа иргэдээсээ саналыг нь авдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Мөн бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгадаг байх зохицуулалтыг тусгана.

Аж ахуйн нэгж, байгууллагууд байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ архидан согтуурч байгаа шалтгаан нөхцлийг арилгуулах талаах тодорхой арга хэмжээ авч, ажилтнууддаа архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй гэсэн зохицуулалтыг мөн тусгасан.

 

-Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт орж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Засгийн газраас татвар нэмэхгүй гэсэн бодлого бариад байгаа. Харин татвар ноогдуулж байгаа архины градусын ангилалд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. Онцгой албан татварын хуульд дээр бүх төрлийн архи, дарсны хатуулгийг ангилж, татварын хэмжээг тогтоосон байдаг. Хуульд 25 хүртэл хатуулагтай, 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай байхаар ангилж,  25 хүртэл хатуулагтай архинд литр тутамд эх орны үйлдвэрийнхэд 2900 төгрөг, импортоор авсан архинд 7250 төгрөг. 25-40 хүртэлх хатуулагт эх орны үйлдвэрийнхэд 5800 төгрөг, импортоор авсан архинд 14500 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай архинд эх орны үйлдвэрийнхэд 13050 төгрөг, импортоор авсан архинд 17400 төгрөгийн татвар төлөхөөр зохицуулагдсан байдаг юм.

 

Тиймээс татварт өөрчлөлт оруулахгүйгээр архины градусыг ангилал тус бүрт 5 хувиар бууруулах бодлого баримталж градусыг нь бууруулж өгч байгаа. Жишээ нь  архины хатуулгийг 25 хүртэл хатуулагтай гэдгийг 20 хүртэл, 25-40 хүртэл хатуулагтай гэснийг 20-35 хүртэл гэж, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэснийг 35 ба түүнээс дээш хатуулагтай гэж өөрчлөнө. Тэгэхээр 25 градусын архи үйлдвэрлэж байсан аж ахуйн нэгж автоматаар өндөр татварт орох учраас энэ аж ахуйн нэгж архины градусаа бууруулаад хүчин одоо төлж байгаа татвараа төлөөд ажиллах бүрэн боломжтой.

 

-Онцгой албан татварын хэмжээг нэмнэ гэсэн мэдээлэл байгаа.

-Ийм худал мэдээлэл яваад байна. Татвар нэмсэн хуулийн төсөл огт боловсруулаагүй, зөвхөн архины градусын хэмжээг бууруулах бодлого барьж байгаа. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
mash under gejee:
1 hund noogdoh arhinii hemjee mash under gejee. Yag heden litr yum be. Neg hund 50 litr gesen medee baidag yum bilee. Ene unen bol mash ayultai hemjee baina.
2015-05-11
irgen:
TORIIN BAIGUULLAGIIIN DARGA NAR ER EM GUI DARGA NAR BOL ARHIDALTIIIG BAIGUULAGAR NI ZOHION BAIGUULADAG GOL HUMUUS SHUU DEEE
2015-05-11
ХАХА:
Энэ Ногоон Туучийн ХЗЯманд юу хийж яваан Ногоон ОО байсан даа. Хаха төрийн албаа гэж.
2015-05-11