Хүүхэд хамгааллын шинэ тогтолцоог нэвтрүүллээ
2015-05-11

Хайр халамж анхааралд өлгийдүүлж өсөх ёстой хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хайрлуулах эрх нь зөрчигдөж байгаа маш олон баримт өнөөгийн нийгэмд бий. Хүүхдийн эрхийн зөрчил жил ирэх бүр илүү ноцтой, хүнд болж байгаа нь ч үнэн. Эрх нь зөрчигдсөн хүүхдийн тухай нийгмийг цочроосон аймшигтай мэдээлэл гарахад хүн бүр л хүүхдийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг ажлаа хийсэнгүй гэж буруутгадаг. Хүүхдийн төлөөх байгууллагуудын уялдаа холбоо, харилцан хамаарал, эргэх холбоо сул байдгаас хүүхдийн эрхийн асуудлаар хангалттай сайн ажиллаж чаддаггүй гэдэг.

 

Тэгвэл эрх нь зөрчигдсөн хүүхэд болон тэдний тухай мэдээллийг хүлээн авч Төрийн болон ТББ-уудад холбон зуучлах үүрэг бүхий “Хүүхэд хамгаална” нэртэй төв өчигдөр үүд хаалгаа нээлээ. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2-р хороолол, 27А байранд нээгдсэн тус төвийг Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын залуус санаачилсан ажээ.

 

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан хэлэхдээ “Хүний наймаа, хүчирхийллын эсрэг үйл ажиллагаа явуулаад хоёр жил орчим болж байна. Энэ хугацаанд хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл маш их ирж байсан. Хүүхдийн хүчирхийлэл илүү харгис хэрцгий болж байгааг сүүлийн үед гарсан хэргүүдээс бид сонсож, дуулж, харж байгаа.

 

Тиймээс хүүхэд хамгааллын “Лантуу хүүгийн байшин”-г нээж байна. Энэ байранд эрх нь зөрчигдсөн хүүхэд өөрөө ирэх, эсвэл эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн тухай мэдээлэл хүлээн авна. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хүчирхийлэлд өртөх зэргээр 11 төрлийн эрх нь зөрчигддөг. Гэр бүлийн хүрээнд ямар аймшигтай хэрэг гарч байгаа билээ. Гэтэл эрх нь зөрчигдсөн хүүхдүүд хаана хандахаа мэддэггүй. Лантуу хүүгийн  байшин маань хүүхэд хамгаалллын холбон зуучлах төв байх юм.

 

Гэр бүл хөгжлийн төв, 108 дугаарын утсууд уг нь ийм холбон зуучлах ийм үүрэгтэй ч хүүхдүүдэд сайн хүрч чадахгүй байгаа. Төрийн болон ТББ-ууд, хүүхдийн эрхийн өмгөөлөл үзүүлэх 200 гаруй өмгөөлөгч байдагийг ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ байшинд ирсэн хүүхдийг хамгаалалтад авч хонуулахгүй, зөвхөн маш сайн холбон зуучлах ажлыг хийх юм. “Лантуу хүүгийн байшин”-д маань Хүчирхийллын эсрэг үндэсний төвд 2 жил, Хүүхэд хамгааллын байранд 2 жил, хүүхдийн өмгөөлөлөөр 1 жил ажилласан туршлагатай төвийн н.Буянхишиг гэдэг нийгмийн ажилтан хариуцана.  

 

н.Буянхишиг дээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирлээ гэхэд төрийн байгууллага шиг албаны хүн, дарга цагдаа угтахгүй,  маш энгийн орчин угтана. Нийгмийн ажилтан угтаж аваад хүүхэдтэй хоёулахнаа уулзаж яг ямар эрх нь зөрчигдсөнийг асууж ярилцаад аль байгууллагад хамаатайг тогтоож, холбон зуучилж өгөх юм. Хүүхэдтэй ярилцаад хүчирхийлэл ямар түвшинд үйлдэгдсэн гэдгийг үнэлгээний хуудсаар бөглөж, эрүүл мэндийн, цагдаагийн, сэтгэл зүйн, асрамж халамжийн аль төрлийн үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг тогтооно.

 

Үнэлгээний хуудас,  холбон зуучлах бичигтэй төрийн байгууллагад шилжүүлснээр тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээ хийгдэнэ. Холбон зуучлах хуудсаа өгөөд орхихгүй, эргэн холбогдож, ямар үйлчилгээ үзүүлсэнийг асууж тодруулах өдөр хоногийг гэрээнд зааж өгөх юм. Ингэж эргэх холбоо үүссэнээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг, бидний эхлүүлсэн энэ төсөл хэр оновчтой юм бэ гэдгийг тогтооно. Эрх нь зөрчигдсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлээгүй энгийн үед энэ байшинг хүүхдүүдэд зориулсан тоглоом тоглох, үлгэр унших байр болгож, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалтууд явуулна.

 

Замын эсрэг талд 70 хүүхэдтэй асрамжийн газар бий. Тэр хүүхдүүд өмнө нь орж ирж ном уншдаг байсан. Номын сангаа үргэлжлүүлэн ажилуулна. Бид эхний нэг жилдээ төрийн болон олон улсын байгууллагаас ямар нэгэн санхүүжилт авахгүй. ТББ-ын залуучуудын гишүүнчлэлээр санхүүжилтээ шийдэж байна. Хүүхэд хамгаалах төв маань албан ёсоор нээгдээгүй байгаа. Одоогоор таниулах үйлчилгээ явуулж байна. Үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэнээс хойш хагас жилийн дараа маш том судалгаа гарч ирнэ.

 

Ийм тооны хүүхэд ирлээ, тэднээс төрийн байгууллагад тэдэн хүүхэд  шилжүүлж, хамгаалалт авсан, аваагүй гэдэг тоо гарч ирнэ. Жилийн дараа сум дүүрэг аймагт хүүхэд хамгааллын ийм төрлийн үйл ажиллагааг ингэж явуулна, боловсон хүчин нь ийм байна. Төсөв санхүүг нь ингэж шийдэх боломжтой гэсэн загвар санал болгох юм. Хүүхэд хамгааллын энэ загвар нь БНСУ, АНУ-д амжилттай хэрэгжиж байгаа. Төсөлд АШУҮИС-ын нийгмийн ажилтны танхим, МУИС-ын хуулийн танхим, хуулийн мэрэгжилтнүүүдийн баг хамтран ажиллаж байна. Мөн Хөөрхөн зүрх, Ээлтэй ертөнц ТББ  хамтран ажиллаж байна” гэлээ.  

 

Хүүхэд хамгааллын энэхүү төвийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор www.lantuu.mn цахим хуудсанд Лантуу хүүгийн зурагтай цэсийг нээж, хүүхдэд ойлгомжтой үгээр мэдээ мэдээлэл байршуулж эхэлсэн ажээ. Энэ цахим хуудсанд хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл хүлээн авахаас гадна хүүхэд эцэг эхчүүдээс юу хүсдэг вэ гэдэг зөвөлгөөг оруулж эхэлсэн байна.

 

Лантуу хүүгийн байшинтай танилцах өдрүүд 14 хоног үргэжлэх бөгөөд энэ үеэр ирсэн хүүхдэд үлгэр уншиж өгч, зураг зурж, хөгжөөнт тоглоом тоглуулах юм байна. Мөн хүүхэдтэйгээ ирсэн эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн эрх нийгэм дээр хэрхэн зөрчигдөж байгааг, ямар асуудал үүсч байгаа гэдгийг харуулсан богино хэмжээний баримтат киног сонирхуулах юм байна.

 

Дашрамд дуулгахад, Лантуу хүү нь баатарлаг үйл бүтээдэг комик номын монгол баатар бөгөөд хүүхдэд зориулсан танин мэдэхүйн цувралын гол дүр болох гэнэ. Комик номонд ямар нэгэн хүчирхийлэлтэй холбоотой үг хэллэг байхгүй, харин олон нийтийн цахим сүлжээг ашиглахдаа юуг анхаарах, муу хүмүүсээс хэрхэн сэргийлэх вэ зэргээр мэдээлэл багтаасан байна.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин