”Монголын инновацийн долоо хоног” форум эхэллээ
2015-05-11

Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

 

 БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк,

Монголын Инновацийн холбоо, МХАҮТ, Монголын технологийн холбоо хамтран форумыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү инновацийн 7 хоногийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БСШУЯ-нд болж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Өнөө үед мэдлэгийн эдийн засгийн нөөцийн нэг чухал хүчин зүйл болж, улс орны байгалийн нөөц баялгаас илүүтэй үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсийг бүрдүүлж байна. Шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа ихээхэн эрчимжиж, инновацийн чиг баримжаа улс орнуудын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлох боллоо. Энэ нөхцөлд манай орны хувьд шинжлэх ухаан-боловсрол- бизнесийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт-судалгаа -үйлдвэрлэлийг уялдуулах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна.

 


АШУҮИС-ийн захирал, академич, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар хэлэхдээ, “Шинжлэх ухаан өөрөө хүний амьдралыг хэрхэн хөнгөвчлөх, өдөр тутмын үйл ажиллагааг энгийн, ойлгомжтой байлгахад чиглэдэг. Харамсалтай нь манай эрдэмтэн судлаачдын бүтээл зөвхөн ном, тайлан, цаас болоод үлддэг тогтолцоо олон жил үргэлжилж байна. Манай сургуулийн эрдэмтэн багш нар 30 гаруй патент зохиогчийн эрхийг эзэмшдэг. Энэ нь гадаадаас өндөр үнээр авдаг төрөл бүрийн эм, оношлуур, оношилгооны шинэ аргыг боловсруулсан бүтээл. Манай сургууль оношлуур үйлдвэрлэдэг хоёр компани байгуулсан.  Бид бусад орны өндөр үнэтэй эмийг шүтэж амьдрах шаардлагагүй. Энэ тавдугаар сард 80-90 хувийн үр дүнтэй сүүлийн үеийн үр шилжүүлэн суулгах өндөр технологийг монголдоо нэвтрүүлэх гэж байна. Японы KLC групптэй хамтран гарааны компанийг байгуулаад үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо. Эхний үед япон багш нар хамтран ажиллана. Судалгаа болон шинжилгээний баг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.  Энэ технологи маш богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэв.

 

 

Энэхүү инновацийн долоо хоногийн хүрээнд маргааш ШУТИС-ийн төв талбайд инновацийн өдөрлөг, үзэсгэлэн, лхагва гарагт Төрийн ордонд Инновацийн форум, пүрэв гарагт “Инноваци, энтрепренершипийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, баасан гарагт семинар, бямба гарагт соёлын арга хэмжээ, ням гарагт хаалтын ажиллагааг тус тус зохион байгуулах юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин