Д.Дэмбэрэл: Монгол Улс эдийн засгийн хямралд бус санхүүгийн дампууралд орчихсон
2015-05-12

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Ерөнхий сайд тат­вар нэмэхгүй гэж мэдэгд­сэн. Гэтэл УИХ-аар Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн нь шүүмжлэл дагуулах боллоо. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүний хувьд та юу хэлэх вэ?

 

-Нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдаад, хуулийн төслийг УИХ-аар хагас жил гаруйн хугацаанд ярьж байна. Анх өргөн барихдаа нийслэлд үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эрхэлдэг бүх аж ахуйн нэгж байгууллагаас татвар авна. Тэр нь НӨАТ шиг нэг хувийн татвар байна гэсэн хуулийн төсөл орж ирсэн. Нийслэлийн албан татварыг гаргана гэж удаа дараа ярьж байгаа.

 

Нийслэлд албан татвар байж болно гэсэн хууль ч байдаг. Одоогоор энэ татварыг хэрхэхээ хэлэлцэж байна. Ажлын хэсэг өөрийн санал дүгнэлтээ гаргаад УИХ-д оруулсан. Аж ахуйн нэгж байгууллага ажил үйлчилгээ эрхэлж байгаа бүх газраас татвар авах нь дэндүү олон. Дээрээс нь бүх хүн үүнд хамрагдана. Тиймээс үүнийг өөр хувилбараар бодож оруулъя гэсэн саналыг хэлсэн. Ер нь бүх ажил, үйлчилгээ, борлуулсан бараанаас татвар авна гэдэг буруу. Үүний оронд зочид буудал, ресторан, амралтын газар, цэнгээний газруудыг хамруулан цөөлөх санал тавьсан. Албан татварт тамхи, бүх төрлийн согтууруулах ундааны борлуулалтыг хамруулахаар ярьж байгаа. Нэг хувийн татвар нь худалдааны хэлбэрийн татвар. Энэ төрлийн үйлчилгээ авсан хэрэглэгчдэд татвар ирнэ гэсэн үг. Харин нийслэлийн бүх иргэнд хамаарах татвар биш юм. Олон жил ярьж буй энэ татварыг баталъя гэсэн санал эхэндээ УИХ-д давамгайлсан. Одоо татвараа болъё гэдэг уур амьсгалтай байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад Төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд төсвөө дагаж орж ирсэн төсөл. Гэтэл саяхан Ерөнхий сайд албан татвар нэмэхгүй гэж хэлсэн. Энэ үг нөлөөлж Шийдлийн Засгийн газар татвар нэмэхгүй гэсэн болохоор дээрх хуулийг батлахгүй гэсэн санал гишүүдийн дунд байна.

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг       эрчимжүүлэхийг олон гишүүн дэмжээгүй. Уг нь МАН засагт хамтраад ажиллаж байгаа шүү дээ?

 

-МАН засагт байна гэдэг өөр ойлголт. Төрийн ажлыг явуулах, ажлын үр дүн гарах нь өөр. Ажил муу явагдаж, үр дүнд хүрэхгүй ажлууд хийж байгааг МАН-ын дөрөв, таван сайд орсон учраас шүүмжлэхгүй гэсэн байдлаар хандахгүй. Улс орны эрх ашгийн үүднээс хэлэх зүйлээ хэлнэ. Хамтарсан учраас Засгийн газрын оруулж ирсэн бүхнийг дэмжинэ гэж хэлэх хэцүү. Засгийн газрын ажлыг эрчимжүүлэх асуудал үнэхээр ерөнхий байна. 2012 онд батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бий. Гэтэл Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайд солигдоод, Засгийн газар өөрчлөгдөөд явж байгаа. Мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газар оруулж ирээд түүнийгээ батлуулах байсан. Одоо эрчимжүүлнэ гэхээр 2012 оны УИХ-ын баталсан Засгийн газрын хөтөлбөрийг эрчимжүүлэх ерөнхий зүйл ярьж байгаад шүүмжлэлтэй хандах болов. Үүний оронд тодорхой асуудлыг ярьсан нь зөв гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Гэтэл тодорхой асуудал орж ирэхээрээ гаднаас зээл авах, бонд гаргана гэдэг. Зээл, бонд гэхээс гадна дотооддоо ажлаа эрчимжүүлэх боломж бий. Нүүрс, зэсийнхээ гарцыг нэмэгдүүлж, борлуулалт, аж ахуйн салбарын ажлыг сайжруулах зэрэг дотоодынхоо орлогыг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ гэхээр Их хурал нь тогтоол гаргаж өгөөд л явдаг. Засгийн газар нь эрчимжүүлнэ, эрчимжүүлнэ, бас дахин эрчимжүүлнэ гэж ерөнхий лоозогноод байж болохгүй. Хоног, хугацаа гэдэг тоотой. Жил хагасын хугацаанд өнөөгийн эдийн засгийн бэрхшээлээс яаж гарах гэж байгаа дүгнэлтээ сайн хиймээр байна. Дүгнэлт буруу явж байгаад хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа.

 

-Тэгэхээр Засгийн газар эдийн засгийн хямралтай байна гэсэн буруу дүгнэлт гаргасан гэж үү?

 

-Эдийн засгийн хямрал болсон гэдэг худал. Монголд эдийн засгийн хямрал болоогүй. Харин санхүүгийн дампуурал явж байгааг засах тодорхой ажлуудаа хийх хэрэгтэй. Валютын ханш, үнийн өсөлтийн хэмжээгээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийг нэмнэ гэж Засгийн газрын 2012 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Эдгээр нийгмийн тодорхой асуудлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэж чадах зүйл байна уу. Иргэдийн орлого багасахын хэрээр дотоодын худалдан авах чадвар муудна. Ингээд жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогсоно. Товчхондоо, дотоодод гинжилсэн сөрөг үр дагавар гарах болно. Үүнийг зөв оношилж, дүгнэлт хийх хэрэгтэй. Одоогийн хэлж буй хүндрэл бол хариуцлагагүй мөнгөө зөв зохицуулж чадаагүйн улмаас санхүүгийн нөөцгүй болж, эцэстээ дампуурсан шинжтэй байна. Манай бүх салбарын эдийн засаг харьцангуй боломжийн  байгаа. Харин банк, санхүүгийн салбарт хүндрэлтэй асуудал бий. Монголбанкны төвшинд зарим нэг арга хэмжээ авч байгаа гэж найдаж байна. Засгийн газар 2013 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийг зарцуулсан. Улсын төсвийн жилийн хагастай тэнцэх хөрөнгөө нэг жилийн дотор гөвөөд хаясан. Тэр алдаагаа засч, өөр байр суурьнаас санхүүгийн доройтлоосоо гарах ёстой.

 

-Хүндрэлээс гарахын тулд Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж байна. Хоёр нам хамтраад шийдэж чадах нь уу?

 

-Тавантолгой 2009 оноос эхлээд аль хэдийнэ эргэлтэд орсон. Жилдээ 10, 15-аас доошгүй сая тонн нүүрс гаргадаг. Гэтэл одоо эргэлтэд оруулна гэж яриад байх юм. УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Тавантолгойд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, орчин үеийн технологид суурилан нүүрсээ боловсруулаад, замаа тавьж гадагшаа гаргах маш тодорхой ажлууд байгаа. Эдгээр ажлыг Засгийн газар хийгээд ирсэн бол хэвийн явж байх ёстой байлаа. Одоо хэрүүлийн алим маягийн төсөл, гэрээг оруулж ирсэн. Засгийн газрын гишүүд нь учраа олж амжаагүй, үл ойголцсон, хэрүүлтэй явж байдаг. Засгийн газар, УИХ нь ч хоорондоо хэрүүлтэй. Их хурлын гишүүд нь юу оруулаад ирэв гээд гайхаад сууж байна. Ажлыг ингэж муу явуулаад байвал цаашид улам муудна. Энэ Засгийн газар яагаад хэрүүлгүй асуудал оруулж ирж болдоггүй юм. Тавантолгойн талаар УИХ-аас гаргасан хоёр, гурван тогтоол бий. Эдгээр тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаагаа харуулж байна. Шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй байвал өөрчлөх талаар саналаа Засгийн газар УИХ-д оруулан ирж болно. Тэрнээс тогтоолоос гадуур хаа хамаагүй юм яриад, түүнийгээ дэмжихгүй бол байдал улам муудна шүү гэсэн юм яриад л. Тавантолгой явдгаараа яваад, нүүрсээ гаргаж болно. Хөрөнгө оруулалт хийж ч болно.

 

-Өмнө нь бэлэн мөнгө тарааснаас хүндрэл үүссэн гэдэг. Та тэр үед УИХ-ын дарга байсан шүү дээ?

 

-2008-2012 онд гурван их наяд төгрөгийг тараасан. Тараасаан гэхээсээ илүүтэй ард түмэнд өгсөн. Тэр бол дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил. Дөрвөн жилд гурван их наядыг зарцуулсан бол 2013 онд буюу ганцхан жилийн дотор энэ хэмжээний мөнгийг үнэ тогтворжуулах нэрээр хэдхэн компанид өгч, алга болгосныг юу гэх вэ. Харьцуулаад үзвэл хоёр өөр зүйл. Өмнөх парламентын үед намуудын амласан амлалт байсан. Ард түмэн түүнийгээ биелүүл гэж шаардсан. Хүндрэл тохиолдсон. Хариуд нь УИХ намуудыг сонгуульд төсвийн хөрөнгөөр мөнгө амлахыг хатуу хориглосон хууль гаргасан. Ийнхүү аргагүйдэж гурван их наядыг өгсөн. Гэхдээ тэр мөнгө хүн бүхэнд очсон. Та нар ч авсан шүү дээ. Иргэдэд очсон тэр мөнгийг зарим хэсэг нь өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулсан бол нөгөө хэсэг нь хадгаламж болгосон. 2008-2012 онд жижиг дунд үйлдвэр сэргэсэн. Учир нь хувь хүний орлогыг нэмэгдүүлсэн нь эргээд жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах чадварыг нэмэгдүүлсэн хэрэг. Ингэж зарцуулсан мөнгө, учир нь олдохгүй хэдэн компанид зүгээр өгөөд хоосон суух хоёрын хооронд асар их ялгаатай. 2010 онд манай ДНБ-ий өсөлт -1.3 хувь болсон. Одоо ихэвчлэн + долоо, найм гарч байгаа. Тэр үед хямрал биднийг нэрвэсэн байхад ард түмэнд амлалтаар өгсөн мөнгөний хүчээр гарсан. Өмнөх парламентын үед хэд хэдэн бэрхшээл тулгарсныг давж гарч байв. Банкны хямралын асуудал ноцтой болж, түрүүчээсээ дампуурч эхэлсэн. Иргэд банкинд найдахаа больж хадгаламжаа татах аюул нүүрлэхэд бид иргэдийн хадгаламжид баталгаа гаргаж өгснөөр зогсоосон. Мөн 2009, 2010 онд зуд болсон. Энэ үед 10 сая малаа алдаж,  дээрээс нь ноолуурын үнэ унасан. Гэтэл одоо нэг төрлийн барааны үнэ унахаар эдийн засаг сүйрч байгаагаар яриад байна. Тухайн үед бид ноолуурын үнийн зөрүүг гаргаж 40 тэрбум төгрөг гаргаж өгч байв. Эдийн засгийн хямралтай байхад мал аж ахуй унавал улам хэцүүдэнэ гэдгийг мэдээд дээрх арга хэмжээг авсан юм. Үүнийг мөнгө тарааж өгсөн гэх үү. Энэ салбараа унагахгүйн тулд төрөөс авсан арга хэмжээ байсан. Газар тариалангын салбар гэхэд нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Хямралтай байсан ч газар тариаландаа 100 тэрбум төгрөг зарцуулж байв. Ийм арга хэмжээ авдаг болохоос санхүүгээ тооцоогүй зарцуулчихаад гаднаас зээл, бонд аваад улам хүндрүүлээд байгааг алдаатай ажил, бодлого гэвэл зохино. Одоо мал аж ахуй салбар сайн байна. Энэ салбарыг илүү чадавхижуулсан бол бид мөнгөтэй байх байсан. 2011 онд ноолуур үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн нь энэ үйлдвэрээс бага ч гэсэн валют олж байгаа. Эдийн засгийг авч явна гэдэг том бодлого. Ингэж эдийн засгаа эрүүлжүүлж, дээш нь татаж явахын оронд эдийн засгаа бодохгүй, мөнгөө зарцуулах ухаанаа олохгүй цацаж явсан нь санхүүгийн бэрхшээлийг авчрах гол шалтгаан болсон.

 

-Үр дүнгүй, ахиц муутай ажиллаж байгаа энэ засаглалын тогтолцоог  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж засна гэж ярьдаг боллоо. Энэ зөв шийдэл мөн үү?

 

-Хамгийн муу засаглалын байгууллагууд өөрийнхөө унаж байгаа, удирдаж чадахгүй байгаа дутагдлаа чихдэг арга нь хууль байдаг.  Одоо Үндсэн хууль руугаа чихдэг болсон. Манай засаглалын тогтолцоо болохоо байсан тогтолцоо биш. Гол нь удирдлагын арга барил, соёлтой холбоотой зүйлээс шууд болж ажил хэрэг нь муу явж байна. Ер нь дутагдалтай шалтгаанаа Үндсэн хууль дотроос олох гэдэг. Үндсэн хуульд ажлын муу байдлаас болж өөрчлөлт оруулахгүй. Үндсэн хуулийн тогтолцоо зөв байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаан дор авч үзэж байж өөрчлөлт оруулна. Одоогийн засаглалын ажлын муу байгаагаас үндэслээд энэ хуульд өөрчлөлт оруулна гэвэл монголчууд том алдаа хийж байгаа нь тэр. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахад голдуу эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудал байгаа. Ер нь ажил муу хийж байгаа удирдах хүмүүс хууль руу дутагдалаа чихэхээс гадна эрх мэдэл нь дутаж байна гэдэг. Одоо энэ процесс Засгийн газар дээр явагдаж байна. 25 жилийн дотор 14 Ерөнхий сайд солигдсоныг хууль руу чихдэг. Харамсалтай нь Ерөнхий сайдууд муу ажилласан. Нөгөө талаар улс төрийн намууд субьектив хандлагаар асуудалд хандсан нь ажиглагддаг. Тэрнээс Үндсэн хуулиас болоод тэр тогтолцоог өөрчлөхгүй бол Засгийн газар нураад байна гэдэг дүгнэлт бол худлаа. Зарим нь намын дарга болсон учраас Ерөнхий сайдаа авах ёстой гэх байдлаар сольж байсан. Эдгээрийг Үндсэн хууль биш юм гэхэд бусад хуулиар хааж болно. Нөгөө талаар УИХ гишүүн, Засгийн газрын гишүүнийг барьцаалсан байдлаар огцруулах тухай ярьдаг. Эдгээрийг УИХ болон Засгийн газрын хуулиудаар хаах боломжтой. Ер нь хяналтгүй ажилладаг Засгийн газар өөрийнхөө толгойг залгидаг юм гэдгийг би нэг бус удаа хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар муу ажиллах үндэс болдог. Их хурал хяналтгүй ажилласнаас болоод Засгийн газар санхүүгээ хэрхэн, яаж доройтуулав гэдэг нь өнөөдөр харагдаж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
Энэ дампуурал хэзээнээс эхтэй вэ. Таныг УИХ-ын дарга байхад эхэлсэн юм биш үү. Улс төрчид та нар өөрсдөө улс төрч биш юм шиг, өөрсдөө төрийн эрх мэдэл хэрэгжүүлэхгүй байгаа юм шиг бүгд ярихын. Ард түмэнд бол та нар ялгаагүй л бүгд эрх мэдэлтэнгүүд. Хариуцлага ярих болохоор бусад хүмүүс хүлээх ёстой юм шиг ярьдаг. АН-ынхан болохоор МАН эдийн засгийн хамгийн таатай үеүүдэд төр барьж байсан гэх, үнэхээр МАН-ын гарахаар эдийн засгийн таатай үе нь таараад байдаг юм бол 2016 онд МАН-ыг гаргачихья л даа
2015-05-12
zichin:
Tovch engiin dugnelt baina . Iim hashir dogi uul suuritai hun turiin 3 ondorlogt bagtah ni zuv. Elbeg. Saihnaa Zi 3 chadahgui l baina daa. Bodlogogui tootsoogui setgeliin hudulguunuur asuudakd handaad
2015-05-12
ДЭМБЭРЭЛ ДАРГЫН ҮЕД ТӨГРӨГ ТОГТВОРТОЙ БАЙСАН...:
НЭГ НЭГНИЙХЭЭ ЗӨВ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ БУС ГҮТГЭН ҮГҮЙСГЭХ, БАС СУРАЛЦАХ БУС БУСНИУЛСААР БАЙТАЛ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ ЭДҮГЭЭ ХЯМРАЛ МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ СЭТГЭДЭГ, БИЧДЭГ НЬ ҮГҮЙ БОЛСНООР ХАРАГДАЖ БАЙНА... ДЭМБЭРЭЛ ГИШҮҮН ШИГ ШУДАРГА, ЗӨӨЛӨН ТАЛДАА ЗӨВТ ТАЛДАА ХҮН ХТЭЙ
2015-05-12
ДЭМБЭРЭЛ ДАРГЫН ҮЕД ТӨГРӨГ ТОГТВОРТОЙ БАЙСАН...:
НЭГ НЭГНИЙХЭЭ ЗӨВ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ БУС ГҮТГЭН ҮГҮЙСГЭХ, БАС СУРАЛЦАХ БУС БУСНИУЛСААР БАЙТАЛ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ ЭДҮГЭЭ ХЯМРАЛ МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВ СЭТГЭДЭГ, БИЧДЭГ НЬ ҮГҮЙ БОЛСНООР ХАРАГДАЖ БАЙНА... ДЭМБЭРЭЛ ГИШҮҮН ШИГ ШУДАРГА, ЗӨӨЛӨН ТАЛДАА ЗӨВТ ТАЛДАА ХҮН ХТЭЙ
2015-05-12