Улс төржсөн эдийн засагт мөнгө яаж тогтох вэ
2015-05-12

Эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, мөнгө яаж босгох вэ гэдэг энэ Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Үүн дээр иргэд гэхээсээ улстөрчид, иргэний нийгмийнхэн Засгийн газрыг эдийн засгийг улам хямруулж, дампуурууллаа хэмээн үгийн “уураар нүдэж” тархийг нь гашилгасаар байгаа. Эдийн засаг, мөнгө гэх үг улс төржилтөөр доторлогдсоноос ийн улсын төсөв ачааллаа даахаа байж, энгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр ирлээ.

 

Улс төржсөн эдийн засаг яаж ч мөнгөтэй байх билээ. Саяхан даа, манай улсын жилийн төсөв тэрбумаар л тоологдож, улсын төсвөөсөө баян эрхмүүд ганц нэгхэн л цойлж эхэлж байсан үе. Харин одоо улсын зарим иргэн нь баян, их гүрэн, далай тэнгис дамжин суурьшсан хаус, харштай, бүр усан онгоцтой. “Далайд гарцгүй орны иргэн байж усан онгоцоор яанам бэ? Хүний шунал гэдэг агуу юм. Үхэхдээ хөрөнгөө аваад буцах биш” хэмээн хашир улстөрч толгой сэгсрэн ярьж байсан юмдаг. Хүний эд хөрөнгө, эдлэх хэрэглэхийг хөндлөнгөөс шүүх ч яахав, нийгмийн массыг хямруулаад улсын дансыг улайсгаад байгаа эдийн засгаа сэргээх асуудалдаа эргээд оръё.

 

Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд Сангийн сайд, Ерөнхий сайд нь мөнгө хайгаад гадныханд хадаг барих нь холгүй явж байна гээд л бие даагчид шүүмжилж байна. Улсын дансыг мөнгөтэй байлгах нь дээрх гурван эрхмийн үүрэг. Тиймээс ч тэд хариуцлагаа ухамсарлаж, ажлаа хийж яваа юм байна. Ажлаа хийж, мөнгөний эрэлд хатаж, эдийн засгаа сэргээхээр улсаа төлөөлөн яваа дээрх эрхмүүдийг зөв шүү дээ. Юунд гуйлга гуйгаад, улсаа худалдах гээд явж байна гэж шүүмжилнэ вэ, төрийн данс мөнгөгүйгээс төсвийн ажилтнууд цалингаа цагтаа авч чадахгүй байна гээд л өмгөөлөх сэтгэл өмөлзөв.

 

Ер нь эдийн засгийг сэргээдэггүй юм гэхэд энэ хэмжээнд тогтвортой барьж сонгуулийн жилийг угтах нь шийдлийн Засгийн газрын эрхэм үүрэг болоод байгаа. Өнөөдрийн парламент дунд, урт хугацааны бодлого баталлаа ч сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгтэй манай орны хувьд дараагийн сонгогдсон парламент нь цаг үеийн өөрчлөлттэй холбон баталсан бодлогын баримт бичгийг нь хүчингүй болгодог гэмтэй. Засгийн газраар жишээлэхэд шинэ засаг байгуулагдаад өмнөхдаа алдааг тохдог. Гэхдээ энэ удаагийн шийдлийн Засгийн газрын мөнгөгүйдэлд “Шинэчлэл”-ийнхэн яалт ч үгүй буруутан нь. Тэд Чингис, Самурай бондыг төсвөөс гадуур зарцуулж, Монголын улсын өрийг өнөөдөр 19.5 тэрбум ам.долларт хүргээгүйсэн бол, нэг төсөвтэйгээр явж байсан бол өнөөдөр эдийн засаг дампуурлаа тулахгүй байсныг мэргэжилтнүүд бус энгийн иргэд мэдэж байгаа.

 

Ерөнхий сайд эдийн засгаа хэрхэн сэргээх, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаа эргэлтэд оруулах уу, нөөц бололцоогоо ашиглаж, хэмнэлтээ үргэлжлүүлэх үү гэдэг асуултыг тавьж, олон нийтийн байдлыг танадсан. Энэ танадалтаар дийлэнх нь стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг дэмжсэн байна лээ. Тиймээс ч Засгийн газар Оюутолгойн хоёр дахь хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж, ойлголцолд хүрээд байгаа. Тавантолгойн гэрээний төслийг үзэглэхэд бэлэн болгосон хэдий ч замын дундаас хууль боловсруулагчид хэлэлцэхээр шүүрэн авснаар шууд орж ирэх хөрөнгө оруулалт хойшлогдож,  асуудал  хүлээгдэж байна.

 

Нөгөөтэйгүүр “Стэд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бас нэг алхам Засгийн газарт бий. Гэхдээ энэ хөтөлбөр нийгэмд харшилтай. Халамжийн чиглэлийн бодлогыг хумидаг. Гэвч энэ нь стратегийн ордуудаа эргэлтэд оруулж, гадаадынхантай хамтрахаас хувь илүү бодлого гэж бие даагчид үзэж байна лээ.

 

Цаашлаад эдийн засгаа хэрхэн сэргээхээ дотооддоо ярилц, баялаг бүтээгдчидтэйгээ хамтарч ажилла гэх. Харамсалтай нь өнөөдөр баялаг бүтээгчид, алтны лицензтэй бизнесмэнүүдийн хөрөнгийн эргэлт саатсан, төрийн ажиллагаатай холбоотойгоор. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх тендэрт ялж, өөрсдийн хөрөнгөөр ажлыг нь гүйцэтгэсэн бизнесмэнүүд төрөөс мөнгөө авч чадахгүй он дамнаж байна. Урт нэртэй хуулийн хүрээнд лицензээ хүчингүй болгуулсон алтныхан хаврын чуулганаар Ашигт малтмалын хуульд нэмэлт оруулснаар сэргээж, үйл ажиллагаагаа  эхлүүллээ.

 

Хэрвээ дотоодын баялаг бүтээгчидтэйгээ зөвлөлдөөд эдийн засаг сэргэх байсан бол аль ноднин жилээс энэ ажил эрчимтэй явагдсан. Яг жилийн өмнөөс Ерөнхий сайдаар ахлуулсан эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр хөтөлбөрийн хугацаа дуусгавар болсон ч Ерөнхий сайдын дэргэд бизнесийн зөвлөлийнхөн үйл ажиллагаагаа өнөө ч үргэлжлүүлсээр байгаа. Бизнесмэнүүд төр өөрсдийнх нь үйл ажиллагаанд садаа тушаа болж, бодлого шийдвэрийг батлахдаа болхи ханддагийг шүүмжилдэг. Энэ нь ч үнэндээ ортой үг. Эдийн засгийг ил тод болгох, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл өнөө ч батлагдаагүй. Батлагдах эсэх нь эргэлзээтэй явсаар өнөөг хүрч байгаа. Харин АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа дээрх хоёр хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурьт хүрсэн байна лээ. Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд 11 мянга гаруй аж ахуй нэгжийн асуудал цэгцлэгдэнэ гэсэн. Харин шүүх, хуулийн байгууллагаар байцаагдаж, татвараа нуун дарагдуулж байсан аж ахуйн нэгжүүдийг өршөөснөөр төсөвт орлого хэдэн тэрбумаар тасалдахыг бүү мэд. Уг нь Ерөнхий сайд “эдийн засгийн өршөөл хамрагдана гэж найдах хэрэггүй” хэмээн чуулган дээр мэдэгдсэн. Гэвч эрх баригч АН-ын бүлэг Ерөнхий сайдын хэлсэн үгийн эсрэг санал нэгддэг “гэм биш зан”-тай.

 

Ийнхүү шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаанд парламент, эрх баригчид тушаа болоод байх шиг. Улстөржсөн эдийн засгаас мөнгө босгон гэдэг ёроол нь цоорхой шуудайтай адил бололтой.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин