З.Энхболд: “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байгаа
2015-05-12

“Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал З.Энхболдтой ярилцлаа.

 

-“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт одоо хэр явцтай байгаа вэ?

 

-Төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаа, орон зай, мөнгө хэмнэх зорилгоор интернэт ашиглан “Цахим засаглал” буюу төрийн түгжрэлгүй үйлчилгээг Монголд хэрэгжүүлж байгаа юм. Олон улсад үүнийг e-governance гэж ярьдаг. 

 

Монгол Улсад одоогийн байдлаар G2C буюу төрөөс иргэнд хүргэх үйлчилгээний хүрээнд Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машиныг ашиглаж эхлээд байна. Эдүгээ гурав дахь шатандаа үргэлжилж буй иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажил мөн энэ хүрээнд багтаж байгаа. Мөн Төрийн үйлчилгээний цахим систем (ezasag.mn)-ээр 25 үйлчилгээ нэвтрүүлэхээс одоогийн байдлаар зургаа нь нэвтэрсэн. 
Харин G2G буюу төрөөс төр рүү чиглэсэн үйлчилгээний хүрээнд камерын торгуулийн систем, замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем зэргийг дурдаж болно.

 

Тэгвэл C2G буюу иргэдээс төрд чиглэсэн үйлчилгээний хүрээнд иргэдийн санал гомдлыг 11-11 төвөөр дамжуулан авдаг болсон.


Төрөөс иргэнд чиглэсэн үйлчилгээ буюу одоо хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ТҮЦ машинаар төрийн 13 үйлчилгээг үзүүлж байна. Жишээлбэл, УБЕГ-ын зарим үйлчилгээ, Нийслэлийн тээврийн газрын “ЕС” зөвшөөрөл, цахилгааны төлбөрөө шалгах, төлөх, ААН татварын тодорхойлолт, Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх гэх мэт.

 

Зөвхөн ТҮЦ машинаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэснээр өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсын төсөв болон иргэдийн халааснаас хэмнэсэн нийт зардал тав, зургаан тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэсэн хөндлөнгийн судалгаа гарсан байдаг. Тодруулбал, ТҮЦ машинаас өнгөрсөн жил 222 мянган иргэн 350.9 мянган үйлчилгээ авсан байдаг. Өмнө нь нэг үйлчилгээ авахад л тухайн иргэн 9,900 төгрөг зарцуулдаг байсан. ТҮЦ машин ашигласаар тэр бүх зардлыг иргэн хэмнэж байгаа юм. Нөгөө талаас, УБЕГ тухайн үйлчилгээг үзүүлэхдээ 8,041 төгрөг зарцуулдаг байсан тооцоо бий.

 

Тиймээс үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх тусам үр ашиггүй зардлаа бууруулж, иргэд мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм.     Эдгээрийг харвал Монгол Улс “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байна.

 

-Цахим засаглал дэлхийн бусад улсад хэр зэрэг хөгжиж байгаа юм бол?

 

-Дэлхийн маш олон улсад цахим засаглалын хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ, шинэ үйлчилгээнүүдийг маш хурдтай нэвтрүүлж байгаагаас өнөөгийн байдлаар хамгийн сайн нь Бүгд Найрамдах Солонгос улс, Сингапур, Эстонийнх. Гэхдээ энэ гурван улсын цахим засаглал өөр хоорондоо ялгаатай, өөрийн гэсэн онцлогуудтай. Тухайлбал, Эстонийн хувьд гурван сая хүн амтай. Гэхдээ олон улсын интернетийн хэрэглээ, хөгжүүлэлтийн түвшний хувьд Европын холбоондоо тэргүүлдэг. Харин интернетийн хэрэглээ болоод хурдаараа БНСУ номер нэг. Сингапур улс бол энэ талын менежмент маш сайтай.

 

-“Цахим засаглал” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа вэ?

 

-Цахим засаглалыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал тулгардаг. Монголчууд интернетийг аль болох өргөн хүрээнд, чөлөөтэй хэрэглэдэг байх ёстой. Энэ нь нэг талаар интернетийн хурдыг, нөгөө талаар эдийн засгийн талаас үнийг нь хэлж байгаа юм. Дэд бүтцийн асуудал гэдэгт эцсийн хэрэглэгчийн интернет төхөөрөмжөөс (гар утас, компьютер) гадна мэдээлэл дамжуулж байгаа сүлжээний дэд бүтэц, тухайн мэдээллийг агуулж байгаа дата төвийг хамруулж ойлгож болно.

 

Нөгөөтэйгүүр, одоогийн нийгэмд дижитал боловсролын ялгаа (digital divide) гэдэг шинэ ойлголт байдаг болчихсон. Бидний 40 хувь нь идэвхтэй интернет хэрэглэгч, харин 60 хувь нь өдөр бүр хэрэглэх бололцоогүй байдаг. Одоо манайд ашиглаж байгаа ТҮЦ машины үйлчилгээ бол завсрын шийдэл буюу ухаалаг төхөөрөмж тэр бүр хэрэглэж интернет ашиглаж чадахгүй байгаа иргэдэд зориулсан үйлчилгээ. Тэдгээр хүмүүст ТҮЦ машинаар дамжуулан, дижитал боловсролыг нь платформоор нь дээшлүүлэхээр зорьж байгаа юм. Мэдрэгчтэй дэлгэц (touch panel)-ийг ашиглаж, ухаалаг төхөөрөмжид хурууныхаа хээг уншуулах туршлага, дадлыг үүгээр дамжуулан олгож байгаа хэрэг юм л даа.

 

-“Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн и-мэйлийн хэрэглээ маш чухал гэдэг. Монголчууд и-мэйлээр төрийн үйлчилгээг авч чадаж байгаа юу?

 

-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд и-мэйлийн хэрэглээ маш чухал байдаг. Тухайлбал, Эстони улсад @eesti.eu гэдэг албан ёсны и-мэйл хаяг байдаг. Төрөөс иргэддээ хандсан мэдээ мэдээлэл, үйлчилгээний лавлагаа зэргийг тухайн албан ёсны и-мэйл хаягаар нь дамжуулан өгдөг юм билээ.

 

Монголчуудад Эстонийнх шиг ийм албан ёсны и-мэйл хаяг одоохондоо байхгүй. Гэхдээ цаашид арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага бий. Монголчуудын дийлэнх нь “Yahoo”, “Gmail”-ийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, гадаадын компаниудын и-мэйлийн үйлчилгээг голдуу хэрэглээд байна.

 

-Тэгвэл монголчууд хэзээ төрийн мэдээллийг Эстони шиг мэйлээрээ авдаг болох юм бэ. Ийм төлөвлөгөө “Цахим засаглал” хөтөлбөрт бий юү?

 

-Монгол Улсын төрийн 17,000 албан хаагч өнөөдөр @gov.mn гэсэн цахим хаяг ашиглаж байна. Монгол Улсад энэ оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн хүрээнд Шилэн данс системд @gov.mn и-мэйл хаягийг нэвтрүүлээд байна. Цаашид төрийн цахим үйлчилгээг өргөжүүлэхэд @gov.mn и-мэйл хаяг хэрэгтэй.

 

-“Үндэсний дата төв” үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байгаа ямар бэрхшээл байгаа вэ?

 

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Үндэсний дата төв”-ийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ төрийн цахим үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр түүнд нийцүүлэн хүчин чадлаа өсгөх шаардлагатай.

 

Төрийн 165 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр энэ хэмжээгээр хүчин чадлаа нэмэх хэрэгцээ шаардлага бий л гэсэн үг.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Б.ЦЭЦЭГ

Shuud.mn
Сонин хачин