Тендерт шалгарсан байгууллагаас хахууль авчээ
2015-05-12

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн хянан шалгажээ.

 

Хяналт шалгалтаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан болох Н нь тус аймагт зохион байгуулсан тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд гишүүнээр томилогдож ажилласан бөгөөд тендерт шалгарч ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавих явцдаа нэр бүхий компаниудаас зээл нэрийн дор нийт 6.000.000 төгрөг, эмчилгээний зардалд тусламж болгон 200.000 төгрөг авсан нь тогтоогдсон байна.

 

Хяналт тавьж ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төлбөр авахтай холбогдсон хязгаарлалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлээд байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин