“Америкийн шүтээн” дахин гарахгүй
2015-05-12

Шинэ шилдэг дуучдыг төрүүлэх зорилготой “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлэг ирэх оноос гарахгүй болсон гэдгийг зохион байгуулагчид нь албан ёсоор мэдэгдлээ. Олон шоу, нэвтрүүлэг шинээр төрөн гарч “Америкийн шүтээн”-ий нэр хүнд сүүлийн жилүүдэд эрс муудаж, улмаар орлого буурчээ. Мөн олон нийтийн зүгээс “оролцогчдын чадвар муудаж, нэвтрүүлэг үзэгчдийн анхаарлыг татахаа больсон” хэмээжээ. Олон шүүмжлэл болон “Америкийн шүтээн” шоуны нэр хүнд унаж буйтай холбоотойгоор ирэх оноос эхлэн шоу гарахгүй хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Америкийн шүтээн” 2002 оны зургаадугаар сарын 11-ны өдрөөс “FOX” телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд 2005 оноос хойш хамгийн үзэгчидтэй шоу нэвтрүүлгээр тодорч, олон залуусыг мөрөөдөлд нь хүргэсэн юм. Продюссер Саймон Коулл, Рэнди Жексон болон дуучин Паула Абдул нар 2008 оныг хүртэл “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажилласан билээ. Тэд Келли Кларксон, Кари Андервод, Женнифер Хадсон, Жордан Спаркс, Адам Лемпарт зэрэг алдартнуудыг гаргаж ирсэн юм.

 

2011-2012 онуудад реппер Ника Минаж, дуучин Мэрия Кери, Стивен Тэйлор болон Харри Конник нар шүүгчээр ажилласан бол сүүлийн хоёр жил дуучин Женнифер Лопез, хөгжимчин Кейт Урбан, Харри Конник нар хамтран ажиллажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин