Ж.Эрдэнэбат : Төсвийн орлого 250 тэрбум төгрөгөөр тасарсан
2015-05-13

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хямралтай уялдан төсвийн орлого бүрдүүлэлт ихээхэн тасарч, цалин тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа талаар сүүлийн үед УИХ-ын зарим гишүүд ярьж эхлээд байна. Ялангуяа Засгийн газрыг хамтран байгуулсан МАН-ын тодорхой гишүүд “Энэ байдлаараа бол Ерөнхий сайдын яриад байгаа Стэнд бай хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болж байна” гэж ярицлага өгсөн нь бодит байдлыг хажуугаас нь харж, дүгнэлт хийж суугаа улстөрчийн үг бизээ. Харин Монгол Улсын сан хөмрөгийг зангидаж суугаа Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэзээний тайван зангаараа төдийлөн чанга дуугарахгүй яваад л байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлан талаар Сангийн сайд ямар бодолтой явааг тандаж дараах тайлбарыг сонслоо.



-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт ямархуу дүн мэдээтэй гарсан бэ. Алдагдал төлөвлөсөн хэмжээнээс илүү гарсан уу?



-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны дөрөвдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 86.9 хувийн, нийт зарлага 70.1 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 568.0 тэрбум төгрөгөөр бага байгаа юм.



Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлтийн хувьд гэвэл Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 1,675.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 13.1 хувиар буюу 252.2 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 0.05 хувиар буюу 0.8 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 88.2 хувь, татварын бус орлогоор 11.8 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй гарчээ. Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,056.8 тэрбум төгрөгт хүрч 19.2 хувиар буюу 250.6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Төсвийн орлогын бүрдүүлэлт ийнхүү 250 тэрбум төгрөгөөр тасарсан нь нэг талдаа Эдийн засгийн өршөөлийн хууль яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид хүлээлт үүсчихээд байх шиг байна. Энэ нь мэдээж тодорхой хүндрэл үүсгэнэ.



-Тэрхүү хүндрэл нь цалин тэтгэвэрээ тавьж чадахгүй хэмжээнд хүртэл нөлөөлж эхлээд байгаа юм уу?



-Төсвийн орлого бүрдүүлэлт ихээхэн тасарч байгаа ч цалин, тэтгэвэр тавьж чадахгүй хэмжээнд хүрээгүй. Орлогын тасалдалтай холбоотойгоор цалин, тэтгэвэр нэмж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Төсвийн бүрдүүлэлт дээр хэлснээр 87 орчим хувьтай байгаа нь цалин тэтгэвэр тавьж чадахгүй хэмжээнд хүрэх үзүүлэлт биш.


Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын санхүүжилт гаргаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ цалин, тэтгэврийг ямар ч тохиолдолд хэвийн олгоод явж байгаа.



-Тэгвэл төсвийн тэнцэл ямар дүн мэдээтэй гарсан бэ. Бас л асуудал дагуулахаар байгаа юу?



-Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 31.7 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, Засгийн газрын богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 256.0 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 325.2 тэрбум төгрөгийг тус тус төлж, 43.4 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 557.3 тэрбум төгрөгийн богино хугацаат, 56.2 тэрбум төгрөгийн урт хугацаат бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 244.8 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 316.0 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарлаа.



-Монгол Улс дэндүү үрэлгэн төсөвтэй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцолж байсан. Ер нь цалин, тэтгэвэрт сард хэдэн төгрөг зарцуулдаг юм бэ?


-Монгол Улс яах аргагүй үрэлгэн төсөвтэй гэдэг нь үнэн. Зөвхөн цалин, тэтгэвэр халамжийн үйлчилгээний зардалд нийт төсвийнхөө 60 хувийг зарцуулдаг. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихаар эргээд л халамжаа багасгах, цалин тэтгэвэр рүүгээ орохоос өөр аргагүй нөхцөл байдалтай болдог. Товчхондоо цалин, тэтгэврийн санг бүрдүүлэхийн тулд сардаа 250-260 орчим тэрбум төгрөг зарцуулдаг.



-Ер нь Монгол Улсын санхүү, мөнгөний асуудал цаашдаа жаахан ч гэсэн сэргэх найдлага ажиглагдана уу. Зарим гишүүд энэ байдлаараа бол эдийн засаг, санхүүгийн байдал улам л муудна гээд байх юм?



-Аль болох эдийн засгийн бодит байдал дээр тулгуурласан төсөөлөл хийж байна. Манай гадаад зэ/эл 4-5 их наяд төгрөг болчихлоо гэж ярьж байна. Гэтэл бид өнөөдөр гадаад зээлээсээ илүү дотоод зээлдээ анхаарлаа хандуулах шаардлагатай. Дотоод бондын өр 3.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний 33 хувь нь шүү дээ.


Тэгэхээр Засгийн газар нь эдийн засагтаа мөнгө эргэлдүүлэхгүй, бүгдийг нь татаж авч үнэт цаас болгож банканд хадгалуулчихаад эдийн засгаа сэргээнэ гэж ярихад туйлын хүнд. Тиймээс ирэх оны төсөөллөөр Засгийн газар дотоод бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй байх чиглэл барина. Ингэснээр бүсээ нэлээн чангалах нөхцөл байдал үүснэ. Жил бүр нэг их наядын дотоод бондын санхүүжилт аваад явбал хэдэн жилийн дараа төсвийн орлого, зарлагатай тэнцэх хэмжээний дотоод өртэй болох нь.



-Орон нутагт санхүүгийн эрх чөлөө олгосноор “том толгой” гаргах нь ихэслээ гэх шүүмжлэл явдаг. Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт ямархуу дун мэдээтэй байгаа вэ?



-Орон нутгийн төсвийн орлого 663.6 тэрбум төгрөгт хүрч 4.6 хувиар буюу 31.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 11.8 тэрбум, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 1.0 тэрбум, улсын тэмдэгтийн хураамжийн орлого 1.6 тэрбум, газрын дуудлага худалдааны орлого 9.5 тэрбум, бусад татварын орлого 1.6 тэрбум, хүүгийн орлого 1.3 тэрбум, торгуулийн орлого 1.4 тэрбум, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 3.3 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 2.1 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь нийслэлийн орлого 12.8 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.



Орхон аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 3.6 тэрбум, газрын төлбөрийн орлого 1.6 тэрбум төгрөгөөр тус тус илүү төвлөрсөн нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 2.8 тэрбум төгрөгөөр давж биелэхэд голлон нөлөөлсөн байна. Өмнөговь аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 1.7 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 3.6 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.



-Өнгөрсөн сарын байдлаар нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт ямархуу тоон үзүүлэлттэй байсан бол?



-Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 2,740.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,919.8 тэрбум төгрөгийн буюу 70.1 хувийн, улсын төсвийн зарлага 1,950.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,372.8 тэрбум төгрөгийн буюу 70.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан.



Улсын төсвийн халамжийн сангаас ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардал 1.6 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн зардал 27.8 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 6.1тэрбум, хөрөнгийн зардал 137.1 тэрбум, эрчим хүч, дулааны алдагдлын татаасын зардал 6.1 тэрбум, улаан буудайн урамшууллын татаасын зардал 24.4 тэрбум, ноосны урамжууллын татаасын зардал 16.6 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс орон нутагт 65.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 21.8 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг, 337.4 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийг тус тус олгосон байна.

 

Орон нутгийн төсвийн зарлага 569.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 66.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгаас улсын төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Хүний хөгжил сангийн зарлага 94.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 98.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан.



Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 81.2 тэрбум төгрөгийг олгосон байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 99.0 хувийн буюу 487.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 44.5 тэрбум төгрөгийн татаас олгосон дүн мэдээтэй байна.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Өөрсдөө төл:
Өөрсдөө нөхөж төл
2023-06-03
Зочин:
tsalin tsagtaa tavij chadahgui bga shu de.jishee ni bayangool duuregt gehed zarim surguulin umnuh sarin ehnii tsalin 18nd buusan.
2015-05-13