Э.Тэмүгэ: Би хүссэн зүйлээ хийж, түүнээсээ таашаал авдаг
2015-05-13

Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд сайн сайхан зүйлийг хүмүүст харуулахдаа үргэлж сайхан мэдрэмж төрдөг. Зураг бүр заавал гүн агуулга харуулсан байх албагүй шүү дээ, яагаад гоё өөдрөг, өнгө төрхийг харуулж болохгүй гэж...хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүйгээр хуваалцах нэгэн зураач залуухан бүсгүйтэй уулзлаа. Хэдий нас залуу ч Монголын томоохон “Blue moon” арт галерейн захирал ажээ. Түүний нэр Э.Тэмүгэ. Тэрбээр энэ сарын 11-нд  "Аялгуу" нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ BLUE MOON арт галерейд дэлгээд байгаа юм.

 

 

 

-Юуны өмнө өөрийн бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргье. “Аялгуу” уран зургийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

 

 

-Анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасандаа баяртай байна. Гол нь ямар нэг зүйл хийгээд, хийсэн зүйлийнхээ үр дүнг мэдэрнэ гэдэг хамгийн сайхан шүү дээ. Уран бүтээлч хүний хувьд, өөрийн мэдрэмжээр хийсэн бүтээлээ хүмүүст үзүүлэхэд хүмүүс миний бүтээлээс ямар нэг гоё мэдрэмж авч байна гэдэг хамгийн гоё зүйл байдаг.

 

Өөрөөр хэлбэл, бүтээл хийчихээд тэр бүтээлээ зөвхөн өөрөө харж, баясаад байвал утгагүй /инээв/.

 

 

“Аялгуу” үзэсгэлэн маань миний анхны бие даасан үзэсгэлэн байгаа. Үзэсгэлэнгийн онцлогийн хувьд гэвэл, нэрнээсээ эхлэж байгаа. Бүх зүйл өөрийн гэсэн аялгуутай учраас үзэсгэлэнгээ “Аялгуу” хэмээн нэрлэсэн.

 

 

Энэ утгаараа миний үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний аялгуу. Би уран бүтээлч, зураач хүн учраас өөрийн бийр, будаг, өнгө дүрслэлээр өөрийнхөө аялгууг илэрхийлсэн байгаа. Үзэсгэлэнгийн илэрхийлэл маань ерөнхийдөө байгаль, эх дэлхийн агшин, эрвээхийн дүрслэл байгаа. Байгалийн зургийг ихэнх зураач харснаа өөрийн фанатастай холиод зурдаг. Харин миний хувьд байгалиас авсан мэдрэмжээ өөрийн дотоод мэдрэмжтэй холиод гаргасан байгаа юм. Энэ бол байгалиас авдаг миний мэдрэмж.

 

 

 

-Үзэсгэлэнгийн зургийг ажиглахад, хэт тод эсвэл нил буюу завсрын өнгө давамгайлсан харагдаж байна. Яагаад ийм өнгө сонгож зурах болов?

 

 

-Би хоёр жилийн өмнө ээжтэйгээ хамтарч үзэсгэлэн гаргаж байсан. Тэр үед миний зурсан зургийн өнгө ийм байгаагүй. Зураач хүний өнгө байнга өөрчлөгдөж байдаг. Энэ нь тухайн үеийн амьдралыг үзэх үзэл, өөрийн дотоод үзэл санаа, цаг хугацаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгэхээр энэ өнгүүдийг би өөрөө бодож, сонгоогүй. Цаанаасаа гардаг зүйл.

 

 

Өөрөөр хэлбэл, будгаа шахаад өнгөө холиход цаанаасаа энэ өнгөнүүд гардаг гэсэн үг. Тэгэхээр миний сэтгэлийн гүнээс гарч, нүдэнд төсөөлөгдөж байгаа өнгө маань л энэ. Хүйтэн ягаан өнгийг сааралтай хослуулсан нь хүмүүст өвөрмөц мэдрэмж төрүүлж байгаа гэж бодож байна. Өмнө нь надаас ийм өнгө гардаггүй байсан. Одоо ийм өнгө гарч байна. Магадгүй хоёр жилийн дараа ийм өнгө надаас гарахгүй байх.

 

 

 

-Таны зургаас хүн юуг илүү мэдрээсэй гэж боддог вэ?

 

 

-Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд хүн гоё мэдрэмж, сайхан зүйлийг хүмүүст харуулахыг хүсдэг. Заавал зураг бүр гүн агуулга харуулсан байх албагүй шүү дээ, яагаад гоё өөдрөг, өнгө төрхийг харуулж болохгүй гэж. / инээв /.

 

 

-Зураач хүний хувьд нэг зураас ч ямар нэг зүйлийн утга санааны илэрхийлэл байдаг гэдэг. Таны хувьд энэ үзлийг юу гэж ойлгодог вэ?

 

 

-Энгийнээр илэрхийлбэл, өөр нэг зураачийн зураасыг би дууриах гээд чаддаггүй л байхгүй юу. Тэгэхээр тэр зураас тухайн хүний гараар дамжигдан гарч байгаа сэтгэл зүрхэнд хөглөгдөж, оюун санаанд боловсрогдсон утга санааны илэрхийлэл юм. Ийм зүйлийг хүн дууриах боломжгүй байдаг.

 

 

-Та монгол зураг зурах хэр сонирхолтой вэ. Ер нь ямар зураг зураг сонирхол илүү байдаг байдаг вэ?

 

 

-Би монгол зургийн ангийг төгсөж, нарийн арга техникийг нь сураагүй учраас монгол зураг зураад байдаггүй. Миний хувьд ямар төрөл жанрт баригдах дургүй. Би ямар уран бүтээл хиймээр байна, түүнийгээ л хийдэг. Магадгүй хэсэг хугацааны дараа баримал баримаар санагдвал, сайн сурч судлаад барималын үзэсгэлэн гаргахыг үгүйсгэхгүй  шүү дээ /инээв/. Яагаад гэвэл би хийхийг хүссэн зүйлээ хийж, түүнээсээ таашаал авдаг.

 

 

-Уран бүтээлч гэр бүлээс гаралтай гэж сонсож байсан юм байна. Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Хэзээнээс уран зурагтай амьдралаа холбосон бэ?

 

 

-Би ээжийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаасаа зурагтай холбогдсон. Багаасаа л зураг, зураачид дунд өссөн. Урлагт хайртай. Намайг урлагт дурлуулсан хүн бол миний багш СУИС-ын ДУС-ын багш Б.Төмөрбаатар. Багшаараа их бахархадаг.

 

Гэр бүлийн хувьд миний өвөө театрын зураач н.Зоригоо гэж хүн байсан. Харин эмээ маань МУГЖ балетчин Цэрмаа,  Монгол Улсын гавьяат жүжигчин балетчин Ю.Цэрмаа . Харин аавыг маань н.Эрдэнэбат гэдэг. Дархан, барималч хүн бий. Миний ээжийг З.Уянга гэдэг.  Суриковын нэрэмжит Уран зургийн академийг дүүргэсэн мундаг уран бүтээлч бий. Одоо СУИС-д багшладаг. Хүн гэр бүлээ өөрөө сонгож төрдөггүй шүү дээ. Харин би ийм сайхан урлагийн гэр бүлд төрсөн их азтай хүн гэж дүгнэдэг. Намайг өнөөдрийг хүртэл бий болгосон хүн бол миний гэр бүл.

 

 

-Нууц биш бол хэдэн онд төрсөн бэ?

 

-1992 он.

 

-Хүн хүний амьдрах арга өөр байдаг. Таны хувьд бусдын уран бүтээлээс гадна өөрийн зурсан зургаа зардаг юм шиг санагдлаа. Уран зургийн борлуулалт хэр сайн байдаг вэ?

 

 

-Манай улс жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай. Эдгээр хүмүүст дотор урлагийг сонирхож, ойлгодог хүн хэд байх билээ. Тэндээс худалдан авах чадвартай нь хэд байх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Борлуулалт бол бага. Гэхдээ бусад буурай орнуудтай харьцуулахад, манайхан урлаг соёлыг үнэлж, ойлгож, хүлээж авч, худалдан авах чадвартай шүү.

 

 

-Нууц биш бол уран зураач Э.Тэмүгэгийн зураг хэдэн төгрөгөөр үнэлэгдэж борлуулагдаж байгаа вэ?

 

 

-Тэрийг бичүүлмээргүй байна /инээв/. Нууцалмаар байна. Гэхдээ би зураг худалдан авч байгаа хүнээ хардаг,  шинждэг. Миний хувьд зургаа борлуулахдаа ач холбогдол өгч, улайрдаггүй. Би зөвхөн мөнгө олъё гээд зураад, зарвал зарна. Энэ миний хийдэг ажил юм чинь. Надад зургаа зарах бол асуудал биш.

Гэвч надад тийм сонирхол байдаггүй. Тийм хүсэл ч алга. Үнэн чин сэтгэлээсээ миний бүтээлийг сонирхож, дурлаад “Би энэ бүтээлийг чинь тэндээ л тавьмаар байна” гэсэн хүнд л худалдахыг хүсдэг. Тийм хүмүүс олон байдаг.

 

 

-Уран зураг юугаараа гайхамшигтай болоод хүмүүс тэгтлээ их дурлаад, зураад, зуруулаад байдаг юм бэ?

 

-Гоё асуулт байна шүү. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд л гоё сайхан зүйлд татагддаг гэж хэлбэл буруудахгүй болов уу. Бүх хүний дотор байгалиасаа гоё сайхан зүйлд л татагдах чанар бий шүү дээ.

 

Үзэсгэлэн төгс нэгэн гудамжаар явж байхад харахгүй өнгөрдөг хүн байдаггүй. Бүх хүн гоё амттай хоолноос татгалздаггүй, гоё зүйлсээс таашаал авдаг. Гэхдээ гоё гэдэг ойлголт хүн болгоны хувьд өөр.

 

Урлагаас хүмүүс тэдгээр гоё зүйлсийг олж харж, таашаал, мэдрэмж, бие биентэйгээ урлагийн нандин холбоосоор дамжуулан ойлголцдог. Урлаг ашиг биш, бизнес ч биш. Амьдарлаас бид илүү өөр шинэ зүйлийг олж авч, харахад, мэдрэхэд тусалдаг.

 

Галерей байхын хамгийн том ач холбогдол нь хүмүүст үнэ төлбөргүйгээр оюуны үйлчилгээ өгөх юм. Ямар ч урлагийн үйлчилгээ үнэ төлбөртэйгээр хэрэглэгчдэд хүрдэг шүү дээ. Үзэсгэлэнд маань 50 зураг өлгөөтэй байхад нэг хүн орж ирээд 50 өөр янзын таашаал авдаг. Хамгийн том онцлог нь энэ таашаалыг авч чадах хүн л авч, чадахгүй хүн нь авч чадахгүй.

 

 

-Яавал уран зургаас таашаал мэдэрдэг болох вэ. Уран зургийг ойлгох, мэдрэх, таашаах хүсэлтэй байгаа ч мэдэрч чадахгүй байгаа хүмүүс бий шүү дээ?

 

 

-Хүн бүрт өөр өөр мэдрэмж бий. Мөн мэдрэмжийг хөгжүүлж болдог. Монголын нийгмийн дийлэнх нь уран зургийг тэр болгон ойлгоод байдаггүй. Гэхдээ нийгэм маань маш хурдтай хөгжиж байна. Уг хөгжлийг дагаад Монголын уран зураг сонирхогчдын мэдрэмж, уран зураг сонирхдог хүмүүсийн тоо, чанар дагаад хөгжиж байгаад маш их баярлаж байгаа шүү.

 

Урлагийг ойлгодог болохын тулд мэдээж үзээд л байх хэрэгтэй. Ямар ч хүний мэдрэмж хурдтай хөгжих боломжтой.

 

 

-Тэгвэл уран зургийг ойлгодог гэхээсээ илүү өөрсдийгөө рекламдах, зиндаархах хандлагатай хүмүүс олон байдаг шүү дээ?

 

-Энэ зүйлийг үгүйсгэхгүй. Тухайн хүн өөрийгөө, бэл бэнчингээ гайхуулахыг буруутгах аргагүй. Ойлгохгүй байсан ч гэсэн тэр хүн худалдаж авч урлагт, уран зурагт хувь нэмэр оруулж байна шүү дээ. Ойлгодог цуглуулдаг, уран бүтээлчдээс илүү уран зургийг мэдэрдэг, хүндэлдэг хайрладаг хүмүүс их байгааг ч үгүйсгэж болохгүй. Яг үнэндээ худалдан авагч байхгүй бол урлаг оршин тогтнох боломжгүй. Худалдан авагч байгаа цагт л урлаг хүчтэй хөгжинө шүү дээ. Тиймээс энэ зүйл өөрөө хоёр талтай асуудал л даа.

 

Харин ч миний хувьд ойлгохгүй ч гэсэн урлагийг ойлгохын төлөө худалдаж авч байгаа хүмүүст талархалтай байдаг шүү. Хөдөлмөрлөж олсон мөнгөө урлагт зориулж чадаж байна.

 

 

-Монголын зураачдаас хэнийг илүү үнэлдэг вэ?

 

 

-Үнэлдэг зураачид маш олон бий. Монголын мастер зураачдыг үнэлэхгүй байх аргагүй. Ахмад, өмнөх үеийн зураачдын тухай үүх түүхийг сонсож судлах дуртай. Дээд үе, өмнөх өвгө дээдсээ хэзээ ч мартаж болохгүй. Тэд байхгүй бол бид байхгүй шүү дээ. Би олон мундаг зураачидтай хамтарч ажилладаг. Тэднийгээ бүгдийг нь үнэлдэг.

 

 

-“Blue moon” арт галерейд хэчнээн гишүүн уран бүтээлчид байдаг вэ. Гишүүн уран бүтээлчид бүгд мэргэжлийн уран бүтээлчид байдаг уу. Насны хувьд хэд орчим насны хүмүүс байна  вэ?

 

 

-Тэгэлгүй яахав. Залуу, ахмад гэж нас заадаггүй. Гол нь урлагтаа үнэнч, хайртай, байнга уран бүтээлээ туурвидаг хүмүүстэй хамтарч ажилладаг. Идэвхитэй уран бүтээл туурвидаг 70 орчим уран бүтээлчид манай галерейн гишүүн болсон. Тиймээс гишүүн уран бүтээлчдээ дэмжих, урамшуулах, уран бүтээлээ туурвихад нь чадах хэмжээгээр туслахыг хүсдэг.

 

 

-Танай галерей Олон улсын хүүхдийн эрхийн өдрөөр 1000 хүүхдүүд баярлуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

 

-Бид өнгөрсөн жил 500 хүүхэд баярлуулсан. Энэ удаад 1000 хүүхэд баярлуулахаар төлөвлөж, зорилт тавин ажиллаж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “БИДНИЙ ЕРТӨНЦ” өдөрлөгийг жил болгон зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхэд багачуудад зориулан дэмжигч байгууллагууд болон ивээн тэтгэгч байгууллагуудын нийт 1000 бэлгийн багцаар үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудыг баярлуулахаар бэлтгэж байгаа. Хүүхдийг зөвхөн чихэр жимсээр баярлуулах биш, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийж баярлуулна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
erdenebet:
hussen zuilee hiij taashaal avdag gene uuu tungalag orshihui geed bavuudorj biluu dee neg ni bichsen baisan teriig unshaasai
2015-05-15
Zochin:
Mundag yum be.Amjilt khusie.Ushuu ikh buteel khiigeerei.
2015-05-14
maanag:
kkk neg baahan balai yum saraachaad teriigee iim tiim urlag geed l aihtar mundag tailbarlah yum daa odoo buur ogt zurj suraagui nuhud shuud l heden zuraas tatlaad bas neg aihtar urlagiin ner heleh yum uul ni ehleed nariin durselj surah heregtei yum sh dee
2015-05-13