Хохирогч нь ходоод
2015-05-13

Бидний хэсэг найз газрын цахим бүртгэлд бүртгүүлэхээр болов. Тэгтэл газраа юу юугүй авах гэж байгаа юм шиг л талцаж байна. Хоёр нь уул, устай Сонгинохайрханд авна гэнэ. Нэг нь хот баруун тийшээ тэлнэ, Хан-Уул руу авах санал гаргав. Уг нь бол аз таарсан нэг, хоёр нь газартай болох асуудал. Бүр бүгд хоосон хоцорч ч мэдэх асуудлуудаас болж таван найз ийн хэд гурваараа талцаж, эцэст нь манай дүүрэг энэ тэр гэж өөр өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьж байх юм. Эцсийн үр дүн нь тодорхойгүй зүйлд талцаж, өөрийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж буйн энгийн жишээ энэ.

 

Ажлынхан маань ч амралтад явах асуудлаар талцаж байна. Нэг хэсэг нь өдрөөр л салхи амьсгалаад ирэх гэнэ. Нөгөө хэсэг нь хонож, өнжиж тухлах саналтай. Мөн л дор бүрнээ өөр өөрийн эрх ашигтай.

 

Харин хүү бид хоёр бол нэг нэгээрээ талцана. Адармаатай нь олонхын саналаар асуудлыг шийдэж болохгүй. Хоол хийх би нь гадуур хооллочих санаатай. Идэх зориулалттай хүн нь зөвхөн гэртээ хооллоно гэж зөрүүдэлнэ. Миний асуудал бол залхуу. Харин манай хүнийх бол хүүхэлдэйн киногоо үзэнгээ хоолоо идэх том эрх ашигтай.

 

Ингээд бодохоор талцдаггүй асуудал гэж энэ хорвоод алга. Жирийн иргэн миний л гэхэд найз нөхөд, ажил алба, гэр бүл гээд харилцаа маань байнгын талцал дунд явагддаг байх нь. Уг нь жижиг асуудал юм шдээ, чааваас гэж. Гэхдээ л талцдаг.

 

 Асуудлыг арай томруултал Монголын чөлөөт бөхийн холбооныхон нүдэнд харагдаж байна. Холбооны удирдах алба хашдаг хүмүүс нь ерөнхийлөгч Д.Дагвадоржийнхоо талд орж, нам дуугүй тактикийг баримталж буй. Харин дасгалжуулагч, тамирчид бол алсан ч амиа хайрлахгүй гээд ихээхэн том дуугарч байна. “Хойд эцэг”-ийн царайг харж амьдарч чадахгүй нь, гэрээ орхиод зугтахад ч бэлэн гэцгээв. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр бол Дагваа аваргын удирдах эрх ашиг, тамирчдын тэмцээнд оролцох эрх ашиг хоёр зөрчилдөөд байгаа юм уу даа. Нэг хэсэг нь хавчигдаж, нөгөө хэсэг нь хавчсан хэсэг бүлэг хүмүүс бололтой. Үнэндээ спортод хамгийн илүү зүйл бол талцал. Олимп хаяанд ирчихээд байхад талцаад сууж байх нь ганзага хоосон ирэхийн л цондон.

 

Талцалыг бүр цаашлуулбал хоёр толгой харагдах юм. Үйлийн үртэй хоёр толгойноос болж, Төрийн ордонд 76 хэд арваараа талцаж, гадна нь бизнесийнхэн хэсэг бүлгээрээ “алалцаж” байна.

 

Эхэндээ бол их аятайхан байлаа. Сохор зоос ч Монголд үр ашгаа өгөх ёстой хэмээн бүгд л хайрын бурхад болов. Эх орон минь, газар шороо мину, байгалийн баялаг маань гээд л баярласандаа нүдний усаа барах шахсан шүү. Уярсан бид ч эх орны хишиг гэж  алга хавсарч суув. Юу юугүй хувьцааны ногдол ашгаа авчих гээд л, гаднаас бөөн бөөнөөр орж ирэх долларт хөлбөрчих гэж байсныг яана. Яг баяжихын даваан дээр болно, болохгүй гээд алалцаад эхэлдэг юм даа. Нэг хэсэг нь бизнесээ аврахын тулд тав, зургаан толгойг маань тавьж туух гээд байгаа л гэнэ. Тиймээс л явуулахгүй гэж чангааж байгаа гэх. Нөгөө хэсэг нь Монголыг аврах ганцхан гарц нь энэ толгойнууд учраас хөдөлгөх хэрэгтэй л гэнэ. Гэтэл хөдөлчих л юм бол эргэж хялаах ч үгүй давхиад одчихно л гэх. Би өнөөдөр бууз идэх, шөл уух уу, ёстой мэдэх юм алга.

 

Тархи эргүүлсэн энэ их талцаан эцэстээ идэх хоолонд маань нөлөөлж байна шүү дээ. Баруун, зүүн тархи минь хүртэл талцаж, нэг нь хуурайг идэж, нөгөөх нь шөл ус ууна ч гэх шиг. Альных нь талд орохоо мэдэхгүй, өлсч суух нь үнэхээр шударга бус. Үнэндээ учраа олохгүй талцаж байгаа тархинаас болж ходоод хохирч байна шдээ. Хохирогчид ашиг гэж юу байхав. Эхлээд уурлаж, нервтэнэ, тэр нь явсаар шарх болж хөндүүрлэнэ. Бүр хавдар болохыг ч үгүйсгэх аргагүй. Үнэхээр том хохирол.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс орныг маань өрөнд бариулж, эдийн засаг унагаасан АН-ыг зайлуулахгүй бол, бүүр хүндэрч эхлэх шинжтэй боллоо
2015-05-14
Mongyy:
Ер нь Монголчуудад хэтэрхий эрх чөлөө, ардчилал нь хэтрээд өөрсдийнхөөрөө зүтгэцгээж байна. Хүний үг дуулдаггүй, хийж бас гавьдаггүй монголчуудад даруулга нь хэрэгтэй
2015-05-13
setgel:
zuv buruu medeeleliig zereg tsatsaj ard tumniig tuurugduuldeg amerik bodlog. mongold heregjuulegch ni manai erunhiilugch
2015-05-13