Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв
2015-05-13

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуульд, Улсын дээд шүүх шийдвэрээ өөрөө хэрхэн хүчингүй болгох талаарх зохицуулалтыг тусгаагүйн улмаас Улсын дээд шүүхийн танхимын шийдвэрийг дахин хянаж хуульд харшилсан эсэхийг тогтоох, хүчингүй болгох боломжгүйн зэрэгцээ хууль хоорондын зөрчлийг бий болгосон байна гэж үзэв. 

 

Иймд Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ... ” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин