Номын баяр болно
2015-05-14

Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр энэ сарын 25,26-ны өдрүүдэд Чингисийн талбайд 17 дахь удаагаа болох гэж байна.

 

"Номын баяр - Бидний баяр" -аар үнэт ховор номын үзэсгэлэн, зохиолч, орчуулагчдын бүтээлийн үзэсгэлэн, ахмад зохиолчид хүндэтгэл үзүүлэх, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болох аж.

 

Тухайлбал, өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох хэн бүрийн саатах үзэсгэлэн, худалдаа үүдээ нээх юм байна.

 

“Номын баяр”-т Монголын ном хэвлэлийн салбарынхан өргөнөөр чуулдаг. Энэ жилийн баярт улсын болох хувийн 40 гаруй байгууллага оролцохоо мэдэгджээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн бүх зохиолчид ном, бүтээлээ дэлгэн тавьж байгаа бөгөөд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Шинжлэх ухааны академи, Монголын хамгийн анхны ном түгээдэг байсан байгууллага болох “Монгол ном” ХК, “Интер прэсс”, “Мон судар” гээд ном хэвлэлийн байгууллагын идэвхтэй 40 байгууллага, Дархан, Эрдэнэт, Завхан аймгаас зохиолч, уран бүтээлчид өөрийн ном, бүтээлээ оролцох аж.

 


Зөвхөн энэхүү номын баярын өдөр ном хэвлэлийн байгууллагууд, ном эрхлэн гаргагчид бүтээлээ 10-50 хувиар хямдруулан худалдаалж, уншигчдыг баярлуулдаг. Мөн зохиолчийн гарын үсэгтэй худалдаа, ховор номын худалдаа, уншигч зохиолчийн уулзалт, номын нээлт, сугалаат худалдаа зэрэг номын эргэн тойронд олон сайхан арга хэмжээ болдог.

 

 

Shuud.mn
Сонин хачин