Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг батлав
2015-05-14

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрөөс ойн талаар баримтлах  тогтоолын төслийн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюун танилцуулав.

 

Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн ногоон хөгжлийн  бодлоготой уялдсан, ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох аж.

 

Монгол Улсын ойн сангийн нийт талбай 18592.4 мян.га газрыг эзэлж байна. Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн 12552,9 мян.га талбайг нийт нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад ойрхог чанар 8.03 хувь байна. Ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй талбайг газрын төрлөөр нарийвчлан авч үзвэл тармаг мод 3476,7 мян.га, шатсан ой 1196,8 мян.га, мод бэлтгэсэн талбай 124,1 мян.га, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай 95.7 мян.га, байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230,5 мян.га, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0.9 мян.га байдаг аж.

 

 Монгол Улсын ойн нийт нөөц 1316,3 сая.м3 бөгөөд Монгол орны ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсийн, 17,2 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлдэг байна.

 

Улсын хэмжээнд 7 аймгийн нутагт ашиглалтын бүсэд хамаарах 2305,4 мян.га ойд түүвэрлэх огтлолтоор жилд 13627,3 га талбайгаас 365,38 мян.шоометр, аажим огтлолтоор  19338 га талбайгаас 3168,9 мян.шоометр модыг авч ашиглах биологийн боломжит нөөцтэй. 

 

Монгол Улс 1 жилд дундажаар 69,0 мян. шоометр үйлдвэрлэлийн хэрэглээний мод, 530 мян. шоометр түлээний мод, нийт 569 мян. шоометр мод бэлтгэж иржээ.       

 

Улсын хэмжээнд 5,8 мянган өрх, 21 мянга гаруй гишүүнтэй 1062 нөхөрлөл 2310663 га, 111 аж ахуйн нэгж 677737 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, хариуцан хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа ба улсын хэмжээнд 323 ойн мэргэжлийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг байна.

 

“Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”, ”Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”,  “Ойн тухай үндэсний хөтөлбөр”, “Ногоон хүрэм” үндэсний хөтөлбөр зэрэг бодлого, хөтөлбөрт ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудалтай холбоотой бодлого, тодорхой зорилтуудыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

 

Сүүлийн 10 жилийн /2000-2010 он/ хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 14.2 сая га талбайд ой зохион байгуулалт хийж, 675 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, 72.9 мян.га талбайд ойг нөхөн сэргээх ажил гүйцэтгэжээ.

 

Ойн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 72 чиглэлийн ажлын хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж үзэхэд 16 чиглэлийн ажил нь 90-100 хувийн биелэлттэй, 27 чиглэлийн ажил 60-80 хувийн биелэлттэй, 7 чиглэлийн ажил 50 хувийн биелэлттэй, 15 чиглэлийн ажил хангалтгүй, 7 чиглэлийн ажил огт хэрэгжиж эхлээгүй байна. Ерөнхий дүнгээрээ ойн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувийн биелэлттэй байгаа аж.

 

“Ногоон хэрэм” хөтөлбөрийн нэгдүгээр үе шат /2005-2015 он/-д  эрх зүйн зохион байгуулалт, үндэсний чадавхыг бүрдүүлсний үндсэн дээр нийт ажлын 20-иос доошгүй хувийг гүйцэтгэж хэрэгжүүлэх арга технологийг эзэмшсэн байх зорилт тавьсанаас /47806 га талбай бүхий 940 км ойн зурвас байгуулахаас 6288,9 га талбай бүхий 108 км ойн зурвас тарьж/ төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 13,0 орчим хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй ажээ.

 

“Төрөөс ойн талаар баримтлах бодлого” батлагдсанаар Монгол төрийн ойн нөөцийн талаар  баримтлах шинэ бодлого  бий болж, энэ бодлого нь Дэлхийн дээд хэмжээний Рио+20 уулзалт, НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янзын тухай НҮБ-ийн конвенцээс баталсан Айчи -2020 хөтөлбөрт заасан ойн бодлогын зорилтыг Үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээж байгааг хэрэгжүүлэхэд  онцгой үүрэг гүйцэтгэх юм байна

 

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрэх зорилт дэвшүүлжээ. 

 

Модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 100.0 хувьд хүргэж, мод, модон бүтээгдэхүүнээр иргэдийнхээ  хэрэгцээг хангаж, хөдөөд ажлын байр нэмэгдэж, ядуурлыг бууруулахад ахиц гарна гэж үзсэн байна.

 

Бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах төсвийн төсөөллийн тооцооноос үзэхэд 2020 он хүртэлх хугацаанд   220 тэрбум 200.0 сая, 2030 он хүртэлх хугацаанд  888 тэрбум 320.5 сая, төгрөг шаардлагатай. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө, зээл зэргээс гаргахаар тооцжээ.  Бидний тооцож байгаагаар нийт зардлын 31 хувь нь гадаад эх үүсвэрээс, 23 хувь нь хувийн хэвшлээс, 46 хувь  нь улсын төсвөөс санхүүжигдэнэ. Одоогоор ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээнд жилд улсын төсвөөс 5,7 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд 2015 онд улсын төсвөөс  санхүүжүүлэх зардал 7,4 тэрбум төгрөг буюу 30,0 хувиар нэмэгдэх аж.

 

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс уг тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 75 хувийн саналаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтооолын төслийг батлав.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин