Адам Левин: Би бол давтагдашгүй
2015-05-15

Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Левиний “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Таныг “Jimmie Kimmel” шоунд оролцохоор явж байхад нэг залуу сахар цацсан асуудал өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан. Юу болов. Тэр залуу яагаад тань руу сахар цацах болов. Энэ талаар сонирхуулаач?

-Сэтгэл нь хэтэрхий их хөөрсөн галзуу фанатын үйлдэл байх. Яахав намайг хараад гэнэт л муу зан нь илэрсэн байх. Санаатайгаар найруулсан төлөвлөгөө гэж бодохгүй байна. Над руу сахар цацсны дараа би тэр залууг харсан. Тэр их айсан байсан. Би “Чи яаж байгаа юм бэ. Галзуу амьтан” гэхэд залуу “Муу новш, фэнүүдээ ялгадаг” хэмээн хариулсан. Энэ үгийг сонсоод их гайхсан шүү. Анх удаа ингэж доромжлуулж байгаа учраас гомдол гаргасан. Нью Йоркийн цагдаагийн байгууллагын ажилчид залууг баривчилж, зохих ёсны шийтгэлийг өгсөн гэж сонссон. Гэхдээ энэ хэргийн дараа олон нийтийн газраар явахдаа их айдаг болсон. Саяхан гэр рүүгээ орохоор явж байхад миний дэргэд явж байсан эмэгтэй цүнхээ унагаасан юм. Тэр цүнх унаж буй дууг сонсоод их айсан. “Яанаа ардаас юм шидэж байгаа юм байх даа” гэх мэт эвгүй бодол намайг амар амгалан байлгахаа больсон.

 

-Сахар цацсан залууг Нэвид Ферси гэдэг. Гурван жилийн тэнэсэн харгалзах ялаар шийтгүүлснээс гадна насан туршдаа тантай ойр байхыг хориглосон гэсэн. Арай чанга шийтгэл бус уу. Хайртай уран бүтээлчээсээ урам авдаг хүмүүс их. Тэр залуу таны номер нэг фэн ч байж болно шүү дээ?

-Дуучин Жон Леноныг фэн нь алсан. Та бүхэн мартаа юу. Би тэр залууг зүгээр байхад нь шийтгээгүй. Өөрийнх нь тэнэг үйлдлийнх нь зохих ёсны хариуг өгсөн. Би нэг хүний амьдралыг там болгоогүй. Хэрвээ тэр залуу над руу сахар цацаагүй байсан бол одоо сайхан, амар амгалан байх байсан.

 

-Зарим хүмүүс олны танил эрхмүүдийн тусламжтай амархан аргаар алдаршихыг хүсдэг. Нэвид Ферси ч гэсэн тэдний нэг болов уу?

-Мэдэхгүй байна. Мөн байхаа. Олны танил эрхмүүдтэй адилхан хувцаслах, адилхан төрхтэй болсон олон охид, залуус байна. Гэхдээ надтай, чамтай адилхан болоод тэр хүмүүст ямар хэрэг байна аа. Надтай адилхан боллоо гээд би тэр хүнд мөнгө өгөх үү эсвэл илүү сайхан амьдрал бэлэглэх үү. Тэгэж бодохгүй байна. Би бол давтагдашгүй. Хүн нэг хувь л байх ёстой.

 

-Сахрын хэргээс болж, таны нэр хэвлэлээс салахаа болилоо. Таны эвгүй байдалд орсон олон зураг интернэт ертөнцөд тархаж, “Мөстэй ус” аян шиг “Сахартай бороо” гэх аян хүчээ авч байна. Хүмүүс нутагласан сахар өөр дээрээ цацаад “Адам” хэмээн хэлж буй бичлэгээ твиттер, инстаграмдаа байршуулж байгаа?

-Үгүй. Би анх удаагаа л сахартай бороо аяны талаар сонсч байна. Гэртээ хариад энэ талаар интернэтээс хайж үзэх болно. Сүүлийн үед хэвлэлээр миний эвгүй байдалд орсон зураг харагдах болсон. Гэхдээ над руу сахар цацаж байхад би гайхалтай харагдаж байсан. Яг л зураг авалтад оролцож байгаа мэт./Инээв/ Сахрын хэргээс болж хэвлэлийнхэн нэг ч гэсэн өдөр ажилтай байсанд баяртай байна. Энэ хэргийн дараа фэнүүдээ илүү хайрлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Орой нь гэртээ хариад и-мэйл, твиттер зэргээ шалгахад олон сая хүн надад урам хайрлаж, тэвчээртэй байхыг уриалсан байсан. Хэрвээ эдгээр хүмүүс надад сэтгэлийн тэнхээтэй байхыг уриалаагүй байсан бол өнөөдөр гэртээ уйтгарлаад сууж байсан байх.

 

-Хуримаа хийгээд хагас жил ч өнгөрөөгүй байна. Гэр бүлтэй болох ямар байна?

-Хуримаа хийх бол энэ ертөнцийн хамгийн том аз жаргал гэдгийг сүүлийн хэдэн сар ойлгож байна. Үнэхээр жаргалтай байна. Би өдөр бүр инээмсэглэж, өдрөөс өдөрт үзэсгэлэнтэй болж буй эхнэрээсээ эрч хүч авч байгаа. Эр хүн хэзээ жаргалтай байдаг вэ гэвэл “Эрэгтэй хүний дэргэд эхнэр нь байхад л хамгийн жаргалтай байдаг” гэхэд болно.

 

 

-Та сахиусан тэнгэр Бехати Принслутай хуримаа хийхээсээ өмнө олон ч бүсгүйтэй нэр холбогдож байсан. Энэ бүсгүйг яагаад эхнэрээ болгосон юм бэ?

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л хайртай. Тиймээс л алдахыг хүсээгүй.

 

-Та хоёрын хуримын зураг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Мексикт хуримаа хийсэн гэх мэдээллээс өөр зүйл хаалттай байгаа?

-Надад таалагдсан, эхнэрт минь таалагдсан тийм л хурим болсон. Би уламжлалт хуримаас татгалзаж, өөрийнхөөрөө хуримаа хийсэн.

 

-Хэзээ хүүхэд болох вэ?

-Аав болохыг хүсч байгаа. Харамсалтай нь би хүүхэд гаргахгүй шүү дээ. Болдог бол хөөрхөн хүү, охинтой болмоор байна.

 

-Энэ тухайгаа эхнэртэй хэлсэн үү?

-Одоогоор хариу хэлээгүй байгаа. Нэг л өдөр баяртай мэдээ хүлээн авах байх. Итгэж байна.

 

-“Maroon 5” хамтлаг сүүлд “Sugar”, Animal” дуугаа гаргасан. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Тун удахгүй тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

 

-“Sugar” дууны клипэнд хуримаа хийж буй хосуудад “Maroon 5” хамтлаг гэнэтийн бэлэг барьж буйгаар гардаг. Тэдгээр хосууд жинхэнээсээ хуримаа хийж байсан гэх юм. Зарим хэсэг нь жүжигчид гэсэн. Аль нь үнэн вэ?

-Жүжигчид биш ээ. Хуримаа хийж байсан хосууд. Энэ клипийг хийхэд их олон хоног зарцуулсан. Хамгийн гол нь хуримаа хийж байгаа хосуудад харагдахгүй байх нь их асуудал үүсгэж байсан. Клипэндээ зориулж “Sugar” дууг бараг 100 удаа дуулсан. Их энгийн мөртлөө олны сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон. Уран бүтээлчид хүмүүсийг баярлуулах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин