Гэр бүлийн өдөр хань ижил, үр хүүхдээ баярлуулаарай
2015-05-15

Аливаа нийгмийн үндэс суурь бол ГЭР БҮЛ.

 

Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. 



Энэхүү уламжлал тогтоод хэдийнэ 21 жилийг ардаа орхиж. Харин Монгол Улсын хувьд энэхүү өдрийг тэмдэглээд 10 орчим болжээ. Энэ өдөр дэлхийн эрдэмтэн мэргэд гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж хэтийн зорилгоо тодорхойлдог юм. 

 


Өнөөдөр Монгол Улс 800 гаруй мянган өрх, гэр бүлээс бүрддэг. Гэр бүл болгон амар амгалан, аз жаргалтай бол нийгэм бүхэлдээ үймээн шуугианаас ангид байх билээ. Улс доторх улс болсон 800 гаруй мянган гэр бүл энх амгалан, элдэв бэрхшээлгүй байх нь тухайн гэр бүлийн гишүүн бүрээс хамааралтай байдаг.

 

Гэр бүл аав, ээж, үр хүүхдээрээ амьдарч байгаа уламжлалт гэр бүлээс гадна өвөө, эмээ, ах дүүс хамтдаа аж төрж буй нийлмэл гэр бүл, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй эрэгтэйтэй өрх, гадаадын иргэдтэй нийлсэн олон соёлт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх гээд олон янзын өрхөөс бүрдэж байна. 

 

Түүнчлэн баталгаатай, баталгаагүй гэр бүлүүд ч бий, хамтран амьдрагч түр зуурын гэр бүлийг ч бас орхигдуулж боломжгүй. 2014 оны тооллогоор хүн амын 84 хувь нь хууль ёсны батлуулсан гэр бүл бол 16 хувь нь батлуулаагүй гэр бүл байна гэсэн дүн гарчээ. 

 

 

Төрөөс сүүлийн 10 гаруй жилд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд, тухайлбал, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгосон тэтгэмж зэрэг нь өрх, гэр бүлийн тооны өсөлтөд эергээр нөлөөлсөн байна.

 

Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. 1963-2015 оны хоорондох 52 жилд хүн амын тоо 2.8 дахин нэмэгдсэн байхад өрх, гэл бүлийн тоо гурав дахин өсч, илүү хурдацтайгаар нэмэгдсэн байна. 

 

Төрийн болон төрийн бус байгууллагын судалгаанаас үзвэл өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу амьдарч, гэр бүл салалт болон эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.

 

Ямартаа ч, энэ мэдээллийг энэ удаа азнаж, танай гэр бүлд сайн сайхныг хүсье.  Гэр бүлийн энэ өдөр гэртээ эртхэн харьж, хань ижил, үр хүүхдээ баярлуулаарай гэж хүсье.

 

Нэг өдрийн амгалан мянган жаргалын үүд билээ. Амар амгалан гэр бүлийнхний бүтээмж өндөр, тэр өрхөд өссөн хүүхэд жаргалтай.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин