Аялал, жуулчлалын салбарт хамтрах боломжтой
2015-05-16

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-ын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвинийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Мъянмар Улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч болон Парламентын дээд танхимын дарга,албаны  бусад хүмүүстэй уулзаж, айлчлал амжилттай болж байсныг дурсан ярьж, хоёр орны харилцаа найрсаг сайнаар хөгжиж байгааг тэмдэглэлээ.

 

Мъянмарын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд Мъянмарын Гадаад хэргийн сайдын хувьд Монголд хийж буй анхны айлчлал гэдгийг онцолж, талуудын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа дурдав. Тэрээр Мъянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын тухай Монгол Улсын Гадаад хэргийн яаман дээр санал солилцон ярилцсан талаараа хэлж байлаа.

 

Мъянмар Улсад  аялал, жуулчлалын салбар сайн хөгжсөн. Тэр чиглэлээр болон бусад салбарт хоёр улс хамтран ажиллах боломжтой юм.

 

Тус улс Монгол Улсын ардчиллын туршлага, ардчилсан сонгуулийн туршлагаас хуваалцсаар ирсэн. Ирэх жил Мъянмарт Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд Монголын ардчилсан сонгуулийн туршлага чухал хэрэг болно гэдгийг Мъянмарын Гадаад хэргийн сайд онцоллоо. Тус улс мөн Үндсэн хуулийн шинэчлэлт хийхээр болоод байгаа билээ. Энэ талаар Мъянмарын парламент дээр хэлэлцүүлэг явуулж байгаа юм байна.

 

Монгол Улсыг АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч болох зорилтуудыг урагшлуулахад АСЕАН-ы гишүүн орны хувьд Мьянмар Улсын дэмжлэг үзүүлэх боломжтой талаар уулзалтын үеэр дурдлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Мъянмарын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг хүслээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Myanmarluu ganbaatar, Genco, uyanga metiig yavuulj gadaad hurungu oruulaltiig ni zogsooj Ediin zasgiig ni ustgah umsan
2015-05-16