Залуучуудын үндэсний чуулган болж байна
2015-05-16

“Залуучуудын хөгжил-оролцоо” үндэсний чуулган Төрийн ордонд яг одоо болж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй энэхүү чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуучуудын төлөөлөл болсон 18-35 насны залуучууд, эрдэмтэн судлаачид нийлсэн 600 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа аж.

 

Энэхүү чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны дарга С.Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлагч А.Мөнхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн залуучуудын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, БСШУЯ-нб Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Насанбаяр, Хуульч С.Эрдэнэболд нарын хүмүүс үг хэлж, илтгэл тавьлаа.

 

Чуулганаар 2013 онд зохиогдсон “Залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганаас гарсан санал санаачлагын хангасан эсэх, залуучуудын өнөөгийн байдал, тэдний дуу хоолойг сонсох аж. Үүний үр дүнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон  “Монгол залуу хүн“ үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгах саналыг авах юм байна.



Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй залуу улсад тооцогддог бөгөөд нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. 2013 онд НҮБ-ийн Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанп 198 орон хамрагдсан байна. 122 улс нь залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй бол тухайлсан баримт бичиггүй 76 орны нэг нь манай улс ажээ.

 

Засгийн газрын зүгээс залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан бие даасан хэлтэс байгуулсан бөгөөд залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж байгаа юм байна.

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ чуулганд оролцож буй залуучуудад амжилт хүсээд  “Дэлхийн улс орнууд, тэр дундаа Ази тивийн улсууд хөгжлийнхөө зорилгыг хүнээ хөгжүүлэхэд чиглүүлж “Хүний хүчээр хөгжинө”, “Хүний төлөө хөгжинө” гэж тодорхойлж байна. Үүний тулд өсвөр, үе залуучуудын авьяас, оюун ухаан, бие бялдарын чадамж, бүтээлч, өрсөлдөх чадвартай, шинийг эрэлхийлэгч, санаачлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорих болжээ. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулах нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй, ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг.

 

Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжлийг онцгойлон авч үзэж 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж байна. ХАХНХЯ-ны бүтцэд Залуучуудын хөгжлийн хэлтсийг бий болгож, залуучуудын хөгжлийн асуудлыг төрийн бодлогын түвшинд шийдвэрлэх, хэрэгжилтийг хангах, залуучуудын дуу хоолойг сонсох, оролцоог хангах боломж нээлттэй болсон” гэлээ.

 

Өнөө жил “Залуучуудын хөгжлийг дэмжих” жил болгон зарласан билээ. Уг ажлын хүрээнд “Монгол залуу хүн” Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Мөн Залуучуудын хөгжлийн 14 төвийг аймаг, дүүргүүдэд байгуулаад байгаа талаар дурдлаа. Харин Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа идэвхитэй, залуучууд өөрсдөө санаачилж, сум орон нутгийн хөгжлийн төлөөө үйл ажиллагаа явуулах, өөрсдийн санаачлагаар залуучуудаа сургалтад хамруулах, урлаг, спортоор хичээллүүлдэг болсон байна. Үүнийг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцолж байлаа. Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Залуучуудын хөгжлийн төвийг үлгэр жишээ ажиллаж байгаа хэмээн магтаад цаашид ч хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

 

Орон нутгаас ирсэн залуучуудын хувьд тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан юм. Тухайлбал залуу боловсон хүчнүүд сум орон нутагтаа ажиллах гэхээр орон байрны асуудал, цалингийн асуудлууд ихээхэн тулгардаг байна. Түүнчлэн намын харьяалал орон нутагт их байгааг шүүмжилж байлаа. Учир нь нэг ажилд ороод удаагүй байтал намын харьяалалаас болоод аль нэг  нам нь гараад ажлаасаа халагдах тохиолдол олон байгаа аж.

 

Мэдлэг боловсрол эзэмшээд ажилд орохоор очиход аль нэг намын гишүүн  эсэхийг, эсвэл аав ээж нь аль намыг дэмждэг гэдгийг анхаардаг. Гэтэл намын харъяаллаас болоод хичнээн мэргэжил боловсрол эзэмшсэн байгаад нэмэргүй байдаг тул орон нутагтаа ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэх эсвэл хот руу очиж ажиллахаас өөр сонголтгүй болдог. Тиймээс энэ асуудлыг орон нутагт цэгцлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн сургалт, сурталчилгаанд хамрагдах, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд хүндрэлүүд гардаг байна.

 

Өнөөдрийн чуулганд Хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөллүүд оролцсон юм. Тэдэнд  өнөөгийн нийгэмд олон  тулгамдаж буй асуудал байгааг хэлж байсан. Тухайлбал албан байгууллагуудын гарц, зам талайд чөлөөтэй зорчих зэрэг аюулгүй байдал талаас нь асуудал тулгардаг байна. Мөн суралцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцлийг зарим байгууллагууд хангаагүй байдаг аж. Энэ мэтчилэн залуучууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байна. Чуулган үргэлжилж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин