АНУ-ын нисдэг тэрэг осолджээ
2015-05-17

 

АНУ-ын сураггүй болсон “UH-1y Huey” цэргийн нисдэг тэрэгний сэг Балбын нийслэл Катманду хотоос 56 км зайтай уулнаас олдсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Албаныхны мэдээлснээр цэргийн нисдэг тэрэгний сэгийг Калинчок тосгоны ойролцоох 3383 метр уулнаас олсон гэв. Нисдэг тэргэнд АНУ-ын зургаан иргэн, Балбын хоёр цэрэг зорчиж явсан бөгөөд ослоор бүх зорчигч амиа алджээ.

 

Мэргэжилтнүүд нисдэг тэрэгний хар хайрцгийг тайлж эхэлжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррен хэвлэлийнхэнд “Харамсалтай зүйл боллоо. Ослын шалтгааныг олохоор албаныхан хичээнгүйлэн ажиллаж байна” гэж хэлжээ. “UH-1y Huey” онгоц Балбад дахин 7.3 баллын хүчтэй газар хөдлөх үед сураггүй алга болсон бөгөөд Вашингтоноос Чарикот мужид тусламж хүргэхээр явж байсан юм. 

 

Нисдэг тэрэг сураггүй алга болохоос нь 10 минутын өмнө Ахмад төв станцдаа түлш дуусч буйг мэдэгдэж, яаралтай газардах зөвшөөрөл хүссэн байна. Ахмад ийнхүү мэдэгдсний дараа төв станц “UH-1y Huey”-ээс холбоо тасарсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин