Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа
2015-05-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав.

 

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөгөөд “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж байна. Ийм учраас таны энэхүү айлчлалын алхам бүхэн хоёр улсын харилцаанд түүх болон үлдэх учиртай. 

 

Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бидэнд цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий. Ингээд та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье” гэв.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та биднийг халуун дотноор угтан авсанд гүнээ талархаж байна. Үнэхээр манай хоёр улс эрт дээр үеэс оюун санаагаараа холбогдсон, адилхан үнэт зүйлстэй билээ.

 

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил, Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдоод гадаадад хийх айлчлалаа Энэтхэгээр эхлүүлж байсан. Миний хувьд мөн Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа бахархаж байна” гэв.

 

Нарендра Моди нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар Хэвлэл мэдээллийн албаны албанаас мэдээлэв

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Modi bol delhiin hun.Manaihan yun oorsdiigoo haritsuulah durtai ym.Hajuud ny yu ch bish mortloo
2015-05-18