16 мянган ном цуглуулжээ
2015-05-18

"Шинэ тэмүүлэл" ТББ-аас зохион байгуулсан "Book Сhallenge" ном хандивлах аяны хүрээнд нийтдээ 16 000 ном цуглажээ.

 

Тус залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Book challange” номын хандивын аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүллээ. Хандиваар цугларсан номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх аж.

 

Ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Book challange’’-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрээд байна.

 

Аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд 9 метр пирамид босгосоны дараа сургуулиудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд буйгаа зохион байгуулагч “Шинэ тэмүүлэл” клубийнхэн өгүүлж байна.

 

Зохион байгуулагчдын зүгээс зөвхөн ном хандивлаад зогсохгүй тодорхой хугацааны дараа шилдэг уншигч хүүхдүүдийг тодруулах ажээ.

 

“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ны сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, сэтгүүлч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгдэж, дор бүрнээ хүмүүсийг дуудаад эхэлжээ.

 

 

Аяны хаалтын ажиллагаа өнөөдөр 18:00 цагт, Монголын Уран зургийн галерейд болох бөгөөд цугласан номыг сургуулиудад хүлээлгэн өгөх аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин